Зээл авч чадаагүй 800 компанийн төслийг АТГ хянаж эхэллээ
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдэд зээл олгосон хэрэгт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Б.Батзориг, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат, сангийн захирал, хэлтсийн дарга гээд хэд хэдэн хүнийг яллагдагчаар татан, нэг бус хүнийг цагдан хориод буй.
Мөн УИХ-ын нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа прокурорын байгууллагаас хууль тогтоох дээд байгууллагад оруулахаар болсон тухай мэдээллийг ч зарим эх сурвалж баталж байна.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн ЖДҮХС-гийн зээлдэгч гишүүдийг шалгаж эхэлсэнтэй зэрэгцээд тус сангаас зээл авахаар материалаа бүрдүүлж, сонгон шалгаруулалтад нь тэнцсэн ч үнийн дүнгийн 20 хувийг нь эрх бүхий албан тушаалтнуудад өгөхөөс татгалзсан жижиг, дунд үйлдвэр эрхлэгч, төсөл санаачлагч иргэд, аж ахуйн нэгжийн удирдлагаас гэрчийн мэдүүлэг авч эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл уг сангаас зээл авахаар хүсэлтээ гаргасан ч татгалзсан хариу сонссон 800 гаруй аж ахуйн нэгжийн төслийг АТГ-ынхан нэгбүрчлэн хянаж, үнэхээр шаардлага хангаагүй юу, эсвэл хээл хахуулийг нь өгөөгүйгээс болсон уу, танил талын хүрээ дутсан уу гэдгийг нягталж эхэлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ