АТГ: Ховд аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийг чадавхижуулахад 80 сая төгрөг зарцуулжээ
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Хяналт шалгалтын албаны дарга, ахлах комиссар Л.Сүх-Очироор ахлуулсан ажлын хэсэг Ховд аймагт ажиллаж байна.
2017 онд аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр ИТХ-ын төлөөлөгчдийг чадавхижуулахад 80 сая төгрөг зарцуулахдаа “Орон нутгийн төсвөөс санхүүжүүлэхээр хуулиар тогтоосон чиг үүргээс бусад хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхийг хориглосон” журмын зохицуулалтыг зөрчсөн байна.
Энэ санхүүжүүлтээр аймаг орон нутгийн төлөөлөгчдийг гадаад улс оронд туршлага судлуулахаар, мөн танилцах аялалд явуулсан ч гүйцэтгэлийг эргэж тайлагнаагүй, энэ чиглэлийн баримт материал тайлан үгүй байв.
Ажлын хэсэг АТГ-аас хүргүүлсэн Ховд аймгийн удирдлагуудад өгсөн зөвлөмжийн хэрэгжилттэй танилцахад ИТХ-ын Тэргүүлэгчид нь
хуулиар эрх олгогдоогүй байтал орон нутагт баяр наадмын төсөв батлах,
төрийн өмчийн түрээсийн төлбөр хураамжийн хэмжээ тогтоох,
согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгох журам батлах,
мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлс тогтоох,
шашны үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгохын зэрэгцээ захиргааны хэм хэмжээний улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэлгүйгээр журам дүрэм баталж, даган мөрдүүлэх зөрчлүүд таслан зогсоогүй байна.
Тиймээс ажлын хэсгээс аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн баталсан 8 тогтоолыг бүхэлд нь буюу хэсэгчлэн хүчингүй болгуулах саналаа аймгийн ИТХ-ын нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Сандагсүрэнд хүргүүлж хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.
Засаг даргын нөөц хөрөнгөөс баяр ёслол, ойн арга хэмжээ, хүлээн авалт, тусламж, дэмжлэгт зарцуулах төсвийн хөрөнгөд хэт үрэлгэн хандах хандлага арилаагүй байх бөгөөд 2018 онд Засаг даргын нөөц хөрөнгөөс
цагаан сар, наадам ой тэмдэглэхэд 24.2 сая,
хүлээн авалтад 12.6 сая,
урамшуулалд 37.6 сая гэх мэтээр нийт 151.9 сая төгрөгийг зарцуулжээ.
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс 2018 оны Үндэсний их баяр наадмын төсвийг 55.8 сая төгрөгөөр баталж, аймгийн Засаг даргаас нийт 60.1 сая төгрөг зарцуулах захирамж гаргажээ.
АТГ-ын ажлын хэсэг төрийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах журмаар сонгон шалгаруулсан аж ахуйн нэгжээс шаардлага хангаагүй техник, тоног төхөөрөмжийг гэрээний дагуу нийлүүлэхэд нөлөөлсөн байж болзошгүй албан тушаалтны авлигын шинжтэй үйлдлийг илрүүлсэн бөгөөд үүнд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна.
Шагнал урамшуулал олгохдоо “Аймгийн шагналын журам”-аар тогтоосон мөнгөн дүнгээс хэтрүүлэн төсвийн хөрөнгийг зарцуулж байгааг шалгаж байна
Аймгийн ИТХ-ын Ерөнхий менежерийн зүгээс холбогдох тушаал шийдвэргүйгээр, мөн хандив өгөх хэлбэрээр төсвийн хөрөнгийг зарцуулж байгаа тохиолдол гарчээ. Тухайлбал, 2018 онд “Ховд суварга” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын ном хурах үйл ажиллагаанд, шагайн харваанд зориулж иргэн М-д, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хандивын тоглолтод мөнгөн хөрөнгө зарцуулсан. ИТХ-аас иргэн, хуулийн этгээдэд шагнал урамшуулал олгохдоо “Аймгийн шагналын журам”-аар тогтоосон мөнгөн дүнгээс хэтрүүлэн төсвийн хөрөнгийг зарцуулж байгааг Ажлын хэсэг үргэлжлүүлэн шалгаж байна.
Нутгийн захиргааны байгууллагын дэргэд шашны үйл ажиллагаа эрхлэн явуулах үндсэн чиг үүрэгтэй орон нутгийн өмчийн 100 хувийн хөрөнгө оруулалттай “Ганданпунцагчойлин” хийдийг ажиллуулж байгаа нь “Төрийн байгууллага нь шашны, сүм хийд улс төрийн үйл ажиллагаа эрхлэн явуулж болохгүй” хэмээх Монгол Улсын Үндсэн хуульд заасныг зөрчсөн үйлдэл юм.
Аймаг, орон нутгийн удирдлагын зүгээс орон нутгийн өмчийн хөрөнгийн ашиглалт, хамгаалалтад тавих хяналт сул байна. Орон нутгийн өмчит, орон нутгийн өмчийн оролцоотой үйл ажиллагаа явуулж байгаа газруудад орлогын төлөвлөгөө тавьж өгдөг боловч биелүүлдэггүй, 2016-2017 онд 17.8-185.9 сая төгрөгийн алдагдалтай ажиллаж байгаа ажээ.
Эдгээр байгууллагуудад 2017 оны жилийн эцсийн байдлаар нийт 8 тэрбум төгрөгийн үндсэн хөрөнгө байршсан байгаа бөгөөд 1.2 тэрбум төгрөгийн өр төлбөр үүсгэсэн байна. Иймд орон нутгийн өмчийн ашиглалт, менежментийг сайжруулах талаар удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллахыг аймаг, орон нутгийн удирдлагад АТГ-ын ажлын хэсгээс мэдэгдэж ажиллав.
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн нь Жаргалант сумын дулааны шугам сүлжээг сайжруулах ажлын тендер шалгаруулах үнэлгээний хорооны гишүүнээр ажиллахдаа “Хөх ган өгөөж” ХХК-ийг дэмжээгүй байтал уг компанийг дэмжиж байгаа талаар хурлын протоколд тэмдэглэж гарын үсэг зуруулсан байна. Энэ нь Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга нь тендерийн материалд гишүүдээр гарын үсгийг нь нөхөж зуруулдаг, тэмдэглэлийг зохиож бичдэг, оролцоогүй байж оролцсон мэтээр баримт бүрдүүлдэг зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна.
Эх сурвалж: АТГ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ