У.Хүрэлсүх: М.Энхболд, Д.Хаянхярваа, Су.Батболд нар ажлаа өг

МАН-ын Удирдах зөвлөл Төрийн ордонд хуралдан, түр завсарлаад дахин орж байна. Тус намын Удирдах зөвлөлийн хуралдаанаар ХХААХҮ-ийн сайдад Ч.Улааныг нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэн дэмжсэн байна. Мөн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод хариуцлага тооцон, огцруулах шийдвэр гаргаж, МАН-ын дарга гарын үсэг зурсаныг Удирдах зөвлөлийн гишүүд дэмжжээ.  Хуралдааны үеэр МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ:

 

-УИХ-ын дарга М.Энхболд та ажлаа өг. Хариуцлага тооцож огцруулах шийдвэрийг намын дүрмийн дагуу хэлэлцүүлнэ. Монгол төрийн албан тушаалыг үнэлсэн гэх 60 тэрбумын хэрэгт холбогдсон. Ажлаа өгөөд хуулийн өмнө та Монгол хүний ёсоор оч.

 

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа та ажлаа өг. УИХ дахь МАН-ын гишүүдтэй холбоотой хариуцлагын асуудал тантай ч мөн адил холбоотой. ЖДҮХС-тай холбоотой хариуцлагын асуудлыг УИХ-ын чуулган дээр хэлэлцүүлэхэд та зарчмын эсрэг байр суурийг удаа дараа мэдэгдэж ёс зүйн алдаа гаргасан. МАН-ын бүлгийн гишүүдийн эв нэгдэл, хариуцлагатай байдал, зохион байгуулалтыг ханган ажиллаж чадаагүй.

 

Улаанбаатар хотын дарга С.Батболд та ажлаа өг. Хүн амын 50 хувь нь амьдардаг нийслэлийнхэн сүүлийн хоёр жилд амь нас, эрүүл мэндээрээ хохирч байна. Гэрийнхээ гадаа тоглож наадаж байсан гэм зэмгүй хүүхдүүд амиа алдаж, эрүүл мэндээрээ хохирсоор байна. Хотын утааг бууруулах талаар та хоёр жил дорвитой алхам хийсэнгүй. Би үүний төлөө намынхаа олон мянган эгэл жирийн шударга гишүүд, ард түмэнтэйгээ хамтарч тэмцэнэ гэсэн байна. 


СЭТГЭГДЭЛ БИЧИХ