Ардчилсан нам “Хөгжил-Шинэчлэл” аяныг эхлүүллээ
Ардчилсан нам “Монголоо сонсъё” аяны үргэлжлэл болгож “Хөгжил-Шинэчлэл” үндэсний II аянаа энэ амралтын өдрүүдэд эхлүүллээ. Энэхүү аян нь 21 аймаг, 330 сум, 1500 баг, нийслэлийн есөн дүүрэг, 152 хороо бүрээр явж гишүүд, иргэдийнхээ санал бодлыг сонсож мөн улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгдгөөрөө чухал ач холбогдолтой юм. Аяны бэлтгэл ажлыг нэг сарын хугацаанд хангасан бөгөөд аймаг, нийслэл, дүүргийн намын дарга, Үндэсний бодлогын хорооны гишүүдэд зориулсан сургалт, семинарыг зохион байгуулж, шаардлагатай гарын авлагаар хангажээ.
Ардчилсан намын гишүүд нэг сарын хугацаанд Монгол Улсын өнцөг булан бүрт хүрч ажиллахын зэрэгцээ иргэдээс ирүүлсэн санал, хүсэлт, гомдлыг УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар болон холбогдох яам, газруудад нэгдсэн байдлаар хүргүүлэх юм. Өмнө нь амжилттай хэрэгжсэн “Монголоо сонсъё” аяны хүрээнд ирүүлсэн санал, хүсэлтийн хариуг энэ үеэр мөн иргэдэд танилцуулах аж.
Сүүлийн үед Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас өөрсдийн хамаарал бүхий компаниараа дамжуулан зээл авсан УИХ, Засгийн газрын гишүүдийн асуудлаас улбаатайгаар иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрсэн. Үүн дээр удаа дараа өсөж буй шатахууны үнэ, түүнээс үүдэн бий болсон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл, Засгийн газар гурван жилийн хугацаанд долоон их наяд төгрөгийн өр бий болгосон зэрэг нь нийгэмд тогтворгүй байдал үүсгэж ч мэдэхээр байгаа.
Энэ хүнд үед сөрөг хүчний зүгээс улс орон даяар нэгэн зэрэг “Хөгжил-Шинэчлэл” үндэсний II аяныг эхлүүлж, энэхүү шударга бус тогтолцоо, эрх баригчдын алдаатай шийдвэрийг хэрхэн засаж, залруулах гарц шийдлийг хамтдаа хэлэлцэх юм. Түүнчлэн буруутай этгээдүүдэд хариуцлага тооцох асуудлыг нээлттэй, ил тод хэлбэрээр явуулж, иргэдийг үнэн зөв мэдээллээр хангахыг эрх баригчдаас шаардах аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ