Д.Хаянхярваа Ерөнхий сайд, УИХ-ын даргад ЖДҮ-тэй нэр холбогдсон гишүүдэд хариуцлага тооцох шаардлага хүргүүллээ

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа дөнгөж сая мэдээлэл хийлээ. Тэрбээр МАН-ын бүлгийн дарга, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүний хувиар бус УИХ-ын гишүүний хувиар УИХ-ын дарга, Ерөнхий сайдад мэдэгдэл хүргүүлж байгаа гэдгээ мэдээллээ.


Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сантай нэр холбогдоод буй гишүүдийг шалгаж, ёс зүйн хариуцлага хүлээлгэн, улмаар гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлагыг хүргүүлж байгаа аж.


Засгийн газрын гишүүдээс ЖДҮ-ийн асуудалтай холбогдсон гишүүддээ улс төрийн хариуцлага хүлээлгэхийг шаардаж байгаа юм.


ХХААХҮ сайд Б.Батзоригийг албан тушаалаас нь буулгаснаар ЖДҮ асуудал намжих байх гээд манай удирдлагууд хүлээж байх шиг байна


УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа хэлэхдээ, “УИХ-ын гишүүн хэдийгээр нэг тойргоос сонгогддог ч гэлээ бүх ард түмний эрхийг төлөөлдөг. Тиймээс гишүүний хувиар энэ мэдэгдлийг хийж байна. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санг тойрсон асуудал сүүлийн өдрүүдэд нийгмийн бухимдлыг төрүүлж байна. Намжихгүй байна. Яагаад гэвэл УИХ, Засгийн газар, намын түвшинд ямар ч бодитой арга хэмжээ авч чадахгүй байна. Зөвхөн ХХААХҮ сайд Б.Батзоригийг албан тушаалаас нь буулгаснаар ЖДҮ асуудал намжих байх гээд манай удирдлагууд хүлээж байх шиг байна гэж би хардаж байна.


Намын дарга, Ерөнхий сайдтай зөрчилдөж байна, УИХ-ыг тараах гэж байна гэсэн хардлага байх шиг байна. Би Ерөнхий сайд, Ерөнхийлөгчид хандаж УИХ-ын чуулган дээр үг хэлсэн. Ил тод шүүмжлэлийг зөрчил гэж үзэхгүй байна. Шүүмжлэл ил тод, нээлттэй байх тусмаа ал аа оноог нь засах ёстой. Хэлсэн шүүмжлэлээс зөвийг нь тунгаан бодох эсэх нь улс төрийн ухааны цар хүрээ харуулах ёстой.


Сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр над уруу давшлах явдал гарч байна. Би энэ бүхнээс айхгүй. Надад концесс, тендер зэрэг санхүүтэй холбогдсон зүйл байхгүй гэдгийг мэдэгдэж байна.


Тодорхой арга хэмжээ авч ажиллаж чадахгүй. Магадгүй цаашид У.Хүрэлсүхийг огцруулах гэж байна гэж худлаа цуурхал тарааж байна. Тийм асуудал байхгүй" гэлээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ