Даваа гарагийн тухай сонирхолтой баримтууд

Яагаад даваа гарагийг хүнд өдөр хэмээдэг вэ? Амралтын айван тайван өдрүүдээс ажлын шинэ долоо хоногийн эхний өдөрт  шилжих нь хэн хүнд ерөөс амаргүй гэдгээр сэтгэл судлаачид үүнийг тайлбарладаг.  Дашрамд дурдахад, хэрвээ сэтгэл хангалуун очдог дуртай ажил танд бий бол, даваа гараг долоо хоногийн бусад өдрөөс огт ялгагдахгүй гэж бас сэтгэл судлаачид нотлодог.


1. “Челси”, “Реал” болон “Милан” зэрэг клубт тоглож байсан нэрт хөлбөмбөгчин Майкл Коджо Эссьен  африкийн Гана улсад төржээ.  Тэр чухамхүү даваа гарагт мэндэлсэн байна. Харин Гана улсад даваа гарагийг их учир холбогдолтойд үздэг бөгөөд хүүхэддээ ийм нэр өгөх нь цөөнгүй байдаг аж.  Ганын нэг ястны хэлээр  “коджо” гэдэг нь даваа гараг гэсэн үг гэнэ. 1957 оноос өмнө Гана улс Алтан эрэг гэсэн нэртэй байсан  бөгөөд Их Британийн колони байжээ. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннан 1938 онд мөн энд төржээ.  Гэхдээ даваа гарагт биш, харин баасан гарагт төрсөн байна. Тиймээс Кофи (баасан гараг)  гэсэн нэр өгчээ.


2. 1960 онд ЗСБНХУ-ын хөлбөмбөгийн шигшээ баг Европын аварга болжээ.  Багийн бүрэлдэхүүнд хөлбөмбөгчин Виктор Понедельник (даваа гараг) тоглосон байна. Хөлбөмбөг тоглохоо больсны дараа тэр хөлбөмбөгийн нэртэй сэтгүүлч болж, долоо хоног тутмын “Футбол – Хоккей” сонины ерөнхий эрхлэгчээр нэлээд хэдэн жил ажиллажээ.


3. Тажикистаны нийслэлийг Душанбе хот гэдэг бөгөөд перс хэлнээс орчуулвал бас  “даваа гараг”  гэсэн үг юм. Хот яагаад ийм нэртэй болсон юм бол? Маш энгийн бөгөөд олон зууны өмнө энд “Душанбе-бозор” гэсэн нэртэй тосгон байжээ.  Өөрөөр хэлвэл, даваа гарагт зах нь (базар) ажилладаг суурин юм.

4. Даваа гарагт түрийвчиндээ их мөнгөтэй байвал, долоо хоногийн туршид санхүүгийн хувьд  олз омогтой байх болно  гэсэн яриа байдаг.  Чухамхүү тиймээс,  өөрийн санхүүд хохирол учруулахгүйн тулд даваа гарагт мөнгө зээлүүлдэггүй учиртай гэнэ.

.

5. Чухамхүү даваа гараг нь машин худалдан авахад хамгийн сайн өдөр гэж британийн эрдэмтэд нотлодог байна.  Худалдан авалтын оргил цэг нь амралтын өдрүүд байдаг,харин даваа гарагт худалдан авагч хавьгүй цөөрч, тиймээс худалдаачид  үнээ дуртай  нь аргагүй буулгадаг гэнэ.

 

6. Даваа гарагт машин худалдаж авах нь сайн байдаг бол, энэ өдөр алс холын замд гарахгүй  байх нь дээр гэдэг байна. Ийм аялал ямар ч бүтэлтэй зүйл авчирдаггүй хэмээн үздэг аж.  Далайчид даваа болон баасан гарагт бас далайд гарах дургүй учир, ямар ч аргаар болов  энэ өдрийг хойшлуулахыг боддог  байна.

 

7. Жил бүрийн аравдугаар сарын хоёр дахь даваа гарагт АНУ-д Колумбын өдрийн тэмдэглэдэг.  Энэ нь удаан хугацаагаар албан ёсны бус өдөр байсан бөгөөд харин 1937 оноос энэ өдрийг төрийн баяр болгон тэмдэглэдэг болжээ. 1971 оныг хүртэл уг өдрийг аравдугаар сарын 12-нд тэмдэглэж, харин дараа нь сарын хоёр дахь даваа гарагт шилжүүлжээ.


8. 1919 оны есдүгээр сард Зөвлөлт Орос улсад тогтоол гаргасны дагуу  “үзвэрийн газрын” ажиллтнуудын амралтын өдрийг ням гарагаас даваа гарагт шилжүүлжээ.  Ингэснээр  хөдөлмөрчдийн ихээхэн хэсэг нь амардаг байсан ням гарагт  үзвэрийн арга хэмжээ явуулах  боломж олгож байсан байна.

 

С.Инда

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ