Mонгол бахархлын өдрөөр улсын начин Д.Анар түрүүлж, улсын харцага Б.Бат-Өлзий үзүүрлэлээ
Mонгол бахархлын өдөрт зориулсан чансаа өндөр 128 бөхийн барилдаан өнөөдөр /2018.11.08/ Буянт-Ухаа спортын ордонд боллоо. Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос гаргасан шинэ чансаанд багтсан бөхчүүд өнөөдрийн барилдаанд зодоглов. Тэднийг энэ жилийн баяр наадамд түрүүлж, улсын аварга цол хүртсэн Н.Батсуурь болон улсын арслан П.Бүрэнтөгс, Э.Оюунболд нарын цолтнууд магнайлан барилдлаа.
Барилдаанд Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, Онцгой байдлын ерөнхий газрын “Аврагч” спорт хороо, “Дорнын хүчтэн” дэвжээний бөх, улсын начин Д.Анар түрүүлж, Ховд аймгийн Зэрэг сум харьяат, “Алдар” спорт хороо, “Ховд” бөхийн дэвжээний бөх, улсын харцага Б.Бат-Өлзий үзүүрлэлээ. Харин их шөвөгт улсын гарьд Б.Гончигдамба, улсын харцага М.Бадарч нар шалгарлаа.
Mонгол бахархлын өдөрт зориулсан барилдааныг анх 2012 онд Ерөнхийлөгчийн тамгын газар, МҮБХ хамтран зохион байгуулж эхэлсэн бөгөөд аварга Ч.Санжаадамба хоёр удаа, улсын гарьд Ө.Бат-Орших, улсын арслан П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва, улсын гарьд Н.Ганбаатар нар тус бүр нэг түрүүлжээ. Д.Анар начингийн хувьд Монгол бахархлын өдөрт зориулсан барилдаанд начин цолтой түрүүлсэн анхны бөх болж байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ