Бөхийн барилдаан “Буянт-Ухаа” ордонд болно
Их эзэн Чингис хаан мэндэлсний 856 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан бөхийн барилдаан өнөөдөр “Буянт-Ухаа” спортын ордонд болно. Барилдаанд улс, аймгийн алдар цолтой 128 бөх барилдах бөгөөд 14.00 цагаас эхэлнэ.
Бөхийн барилдаанд улсын аварга Н.Батсуурь, улсын арслан П.Бүрэнтөгс, Э.Оюунболд, Ц.Содномдорж, Р.Пүрэвдагва, улсын гарьд Б.Гончигдамба, улсын харцага Н.Батзаяа, О.Хангай, улсын начин Д.Анар, аймгийн хурц арслан Б.Эрдэнэхүү нарын тэргүүтэй бөхчүүд барилдахаар бүртгүүлсэн байна.
Монгол бахархлын өдөрт зориулсан бөхийн барилдааныг 2012 онд анх зохион байгуулахад 256 бөх барилдаж улсын аварга Ч.Санжаадамба улсын заан цолтой байхдаа түрүүлж байжээ. Тэрбээр дараа жил нь мөн түрүүлсэн байна.
Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд болсон уг барилдаанд таван бөх түрүүлснээс улсын аварга Ч.Санжаадамба хоёр түрүү авсан бол улсын арслан П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва, улсын гарьд Н.Ганбаатар, улсын харцага Ө.Бат-Орших нар түрүү бөхөөр тодорч байжээ. Харин сүүлийн хоёр жилийн барилдаанд улсын начин Э.Даш шөвгөрчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ