23 хүртэлх насны ДАШТ-д зодоглох бөхчүүд тодорлоо
Бөхийн төрлүүдийн 2018 оны 23 хүртэлх насны ДАШТ арваннэгдүгээр сарын 12-18-нд Румыний нийслэл Бухарестэд болно. Зарим жингүүдэд сорилго барилдаан хийснээр 23 хүртэлх насны ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцох тамирчдыг сонгосон юм. Эрэгтэйчүүдийн 65, 70 кг-ын жингийн бөхчүүд насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцсон тул сорилгыг аравдугаар сарын 30-нд хийхээр хойшлуулаад байсан. Тэгвэлд өчигдөр дээрх хоёр жинд сорилт барилдаан хийснээр Бухарестийг зорих бөхчүүдийн нэрс албан ёсоор эцэслэн шийдэгдэв.
65 кг-д Будапештэд зодоглосон ОУХМ Т.Тулга халз барилдаанд спортын мастер Г.Ханбүргэдийг оноогоор цэвэр ялснаар ДАШТ-д хүч үзэхээр болсон. 70 кг-д Будапештийн ДАШТ-ий тавдугаар байрын шагналт, ОУХМ Б.Бямбадорж, 2017 оны залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Э.Тэмүүлэнтэй сорилго хийх ёстой байсан. Б.Бямбадорж бага зэргийн бэртлийн улмаас жиндээ зогсоогүй учир Э.Тэмүүлэн Румынийг зорих эрхээ авлаа. “U-23”-ын ДАШТ өнгөрсөн жил Польшийн Быдгощ хотод анх удаа зохион байгуулагдахад эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд А.Батцэцэг мөнгө, 53 кг-д Г.Отгонжаргал, 60 кг-д Э.Гантуяа нар хүрэл медаль хүртэж байв. Ингээд энэ жилийн ДАШТ-д хүч үзэх Монголын багийн бүрэлдэхүүнтэй танилцана уу.
БУХАРЕСТЭД ЗОДОГЛОХ МОНГОЛЫН БҮРЭЛДЭХҮҮН:
Эрэгтэйчүүдийн 57 кг: Занданбудын Занабазар
61 кг: Цэрмаагийн Чинзориг
65 кг: Төмөр-Очирын Тулга
70 кг: Энхтуяагийн Тэмүүлэн
74 кг: Занданбудын Сумъяабазар
79 кг: Дэнзэншаравын Төгс-Эрдэнэ
86 кг: Ганбаатарын Ганхуяг
92 кг: Чинбатын Алтангэрэл
97 кг: Болдбаатарын Одсүрэн
125 кг: Мөнхтөрийн Лхагвагэрэл
Эмэгтэйчүүдийн 50 кг: Цогт-Очирын Намуунцэцэг
53 кг: Бат-Очирын Болортуяа
55 кг: Бат-Оршихийн Болор-Эрдэнэ
57 кг: Сүхээгийн Цэрэнчимэд
59 кг: Нармандахын Наранцацрал
62 кг: Энхбатын Гантуяа
65 кг: Хүрэлхүүгийн Болортуяа
68 кг: Мөнхбатын Хишигмаа
72 кг: Пүрвээгийн Номин-Эрдэнэ
76 кг: Найгалсүрэнгийн Загардулам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ