Уран сайхны гимнастикийн Азийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс манай улс 2 мөнгө, 5 хүрэл медаль хүртлээ
47 жилийн түүхэнд анх удаа тивийн хэмжээний тэмцээн зохион байгууллаа -
Монгол Улсын Засгийн Газар, БСШУСЯ-ны дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотноо 2018 оны 10-р сарын 26-28-нд Уран сайхны гимнастикийн Ази тивийн цомын аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.
Манай улс энэхүү тэмцээнээс нийт 2 мөнгө, 5 хүрэл медаль хүртэж өмнөх амжилтаа ахиулан тивийн хэмжээний тэмцээнээс анх удаа медаль хүртсэн нь Гимнастикийн спортын түүхэнд тодоор бичигдлээ.
Монголын Биеийн тамир спортын эвлэлийн төв зөвлөлийн 1971 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 45/147 дугаар тогтоолоор Монгол улсад Уран сайхны гимнастикийн спортын төрлийг хөгжүүлэхээр шийдвэрлэж өдгөө 47 жилийн хугацаанд анх удаагаа энэхүү тэмцээнийг зохион байгуулжээ. Тэмцээнд БНХАУ-ын Тайвань, БНАСАУ, БНХАУ-ын Хонг Конг, Энэтхэг, Казакстан, БНСУ, Кыргызстан, Тайланд, Узбекстан, Вьетнам, Монгол нийт 11 орны 100 гаруй тамирчид, шүүгч, дасгалжуулагч, албаны хүмүүс оролцсон юм.
Тэмцээний нээлтийн ажиллагаанд БСШУСЯ-ны БТСБГазрын дарга Э.Мөнхбилэг, Монголын гимнастикийн холбооны ерөнхийлөгч Б.Лхагважав нар үг хэллээ. Тэмцээний ерөнхий шүүгчээр Узбекистан улсын иргэн, Азийн Гимнастикийн холбооны Уран сайхны гимнастикийн техникийн хорооны Ерөнхийлөгч Гизелла Филиппова ажилласан бол тэмцээний Ерөнхий ивээн тэтгэгчээр “Улаанбаатар Групп” ХХК хамтран ажиллалаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ