Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын багийг хуулж, төсвийг нүцгэлэхүү?
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар төсвөө өргөн баричихаад баг хамт олноороо бахархсан шигээ нийгмийн сүлжээгээр аялаж явсан. Тэр ямар төсөв хийчихээд багаараа гоёод яваа юм болдоо гэж тухайн үедээ хардах хүмүүс ч байсан л биз. Гэтэл эрхэм сангийн сайдын баг дэлхийд боловсрол эзэмшсэн тэдгээр чадварлаг залуус гэхээсээ илүү мөнөөх л ууж идэхдээ уургын морь шиг улстөрчид байжээ. Өөрөөр хэлвэл тойрогтой томхон төсөв аваад очих гэсэн улстөрчдийн үгээр явахуу, чадварлаг багийнхаа залуусын чамбай зөв сэтгэл, мэдлэг боловсролд шүтэхүү гэдэг сонголтын өмнө мань сангийн сайд гуай толгой гудайлгасан байжээ.
Төсөвөө хуваарилахдаа УИХ-ын жирийн гишүүдийн тойрогт нэг өөр, давхар дээлтэй Ардын засгийнхаа сайдуудын тойрогт арай ахиу гээд эрэмбэлж, ялгаж салгаж хандсан тухай эрхэм гишүүд эхнээсээ гомдоллон ярьж байна. Сангийн сайд өөрийнхөө сонгогдсон тойрог Увс аймагтай л гэхэд бусад аймгаас 10 дахин их мөнгө буюу 52,8 тэрбум төгрөг төсөвлөж амжсан нь урьд хожид байгаагүй гайхалтай амжилт.
МАН-ын шударга гишүүд шулуухан ил хэлж ярьж эхлээд байсан үед Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны төсөв дээр хатуу анхааруулга өгч, хориг тавихаа ч мэдэгдлээ. Ерөнхийлөгч Х.Баттулга хэлэхдээ:
- УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “төсөв алдагдалгүй байх ёстой” гэж ярьдаг, шаарддаг байснаа Сангийн сайд болоод өөрөө төсөв зохиох болохоороо 5,4-8 хувийн алдагдалтай төсөв өргөн барилаа. Ам, ажлын зөрүүтэй байдал Монголын төрийг иргэдэд үнэгүйдүүлж байгаа гол хүчин зүйл. Ялангуяа, Төсвийн тухай хуулийг зөрчиж, гадаадын зээл, тусламжийн хөтөлбөр, төслүүдийг Сангийн яаманд төвлөрүүлэх нь гэсэн шүүмжлэл УИХ-ын гишүүдээс гарч байгааг шалгаж, хууль зөрчсөн үйлдлийг арилгасны дараа төсөв батлагдах ёстой гэсэн юм. Ерөнхийлөгч үгийнхээ төгсгөлд Монгол улсын Ерөнхий сайд Хүрэлсүх ээ. Та хувьсгал хийнэ гэж амлаад Ерөнхий сайд болсон. Төсвийнхөө хувьсгалаас эхэлье гэж санал тавья. УИХ-ын дарга төсвөө 10 хувь хэмнэж болно гэлээ. Би 15 хувь хэмнэж болно гэж үзэж байгаа. Ерөнхий сайд та үлгэр үзүүлээд 20 хувиар хэмнэнэ гэдэгт би итгэж байна гэсэн юм. Ерөнхийлөгчийн хэлсэн энэхүү үгс сангийн сайд Ч.Хүрэлбаатарын багийг хуулж, төсвийг нь нүцгэлэх ажилд Монгол Улсын Ерөнхийлөгч өөрөө манлайлж оролцох нь гэж ойлгож болохоор байна
О.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ