Монголын хөлбөмбөгийн эрэгтэйчүүдийн шигшээ баг сингапурын багтай тоглоно

Монголын хөлбөмбөгийн эрэгтэйчүүдийн Үндэсний шигшээ баг энэ оны тав дахь олон улсын тоглолтоо өнөөдөр буюу аравдугаар сарын 12-ны өдөр 19:00 цагт Сингапурын шигшээ багийн эсрэг хийнэ.

Сингапурын улсын шигшээ баг дэлхийн чансааны 166-р байранд бичигддэг. Тус багийн хувьд гол анхаарлаа “СУЗУКИ” цомын тэмцээнд хандуулж байгаа бөгөөд Монголын эсрэг хийх тоглолт тус өрсөлдөөнд бэлдэх том боломж гэдгийг хэлжээ.

Манай шигшээ баг Герман мэргэжилтэн Майкл Вайссын удирдлага дор “FIFA DAYS” буюу ОУХБХ-ны шигшээ багийн өдрүүдийн хүрээнд 2018 он дуустал нийт олон улсын таван тоглолт хийж байгаагийн нэг нь Сингапур улсын шигшээ багийн эсрэг хийх тоглолт юм.

Арваннэгдүгээр сард Тайваньд зохион байгуулах Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний хоёрдугаар шатны бэлтгэл болох юм. Тус тоглолтын дараа мөн үүний адил чансаанд нөлөөлөх нөхөрсөг тоглолтыг манай залуус Лаосын шигшээ багтай хийж ур чадвараа дээшлүүлнэ.

Монголын хөлбөмбөгийн эрэгтэйчүүдийн Үндэсний шигшээ багийн талаар Герман мэргэжилтэн Майкл Вайсс хэлэхдээ, “Монголын шигшээ баг өдрөөс өдөрт хурдацтай сайжирч байгаа. Өмнө нь энэ шигшээ багт нэг жилд 6-7 олон улсын тоглолт хийх боломж гардаггүй байлаа. Та бүхний мэдэж байгаагаар Сингапурын шигшээ багийн туршлагатай тоглогч нар л гэхэд шигшээ багтаа 50-60 тоглолтыг хийсэн байдаг. Харин манай залуусын хувьд тийм биш. Тэдний хувьд энэ бол эхлэл. Бид Зүүн Азийн АШТ-ий эхний шатыг амжилттай давсан. Сингапурын шигшээ багийн эсрэг хийх энэ тоглолт тус тэмцээний хоёр дахь шатны бэлтгэл болох чухал тоглолт. Эцэст нь хэлэхэд Монголын шигшээ маш хурдан сайжирч байгааг дуулгахад таатай байна. Хэрвээ энэ хэвээр явж чадвал тэд тун удахгүй Ази тивд гэнэтийн бэлэг барих болно” гэжээ.

Сингапур болон Монголын шигшээ багуудын тоглолт Сингапур улс дахь 200 орчин хөгжөөн дэмжигчид цэнгэлдэх хүрээлэнд 19:30 минутаас эхэлнэ.

Монголын хөгжөөн дэмжигчид тус тоглолтыг “myujoo.tv”-ээр шууд дамжуулалтыг хүлээн авч үзэхээс гадна “АСА Цирк”-т байрлалтай “Krone Brauhaus”-т зочилж үзэх боломжтой юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ