Их аварга Харүмафүжи Д.Бямбадорж зодог тайллаа
Японы мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь Их аварга Харүмафүжи Д.Бямбадоржын зодог тайлах ёслол өнөөдөр боллоо. Тэрээр 2011 оны долоодугаар сард 14 давж түрүүлсэн бол 2012 оны долоо, есдүгээр сарын башёд нэг ч уналгүй түрүүлж, ёкозүна цол хүртэж байлаа. Ингэснээр Их аварга Харүмафүжи Д.Бямбадорж мэргэжлийн сүмогийн 70 дахь, гадаадын тав дахь, Монголын гурав дахь ёкозүна цолтон болсон юм. Харамсалтай нь өнгөрсөн оны аравдугаар сард нутаг нэгт бөх Таканоива А.Баасандоржтой нударга зөрүүлсний улмаас зодог тайлах шаардлагаай болсон.
Тэрээр зодог тайлах болсон тухайгаа мэдэгдэхдээ “Багштайгаа зөвлөлдөөд зодог тайлах шийдвэр гаргасан. Аварга хүн гэж ямар байх ёстой вэ гэдгийг ухамсарлаж энэ шийдвэрийг гаргалаа. Их аварга хүн гэдэг зөвхөн өөрийнхөө төдийгүй цолныхоо нэр хүнд, хариуцлагыг авч явах ёстой. Тийм учраас зодог тайлах шийдвэр гаргасан. Ах аваргын хувьд Таканоивад хэрхэн барилдах, биеэ хэрхэн авч явах тал дээр зааж зөвлөсөөр ирсэн. Одоо ч тийм бодолтой байдаг. Дүү бөхчүүдээ илүү хатуу чанга болгож, илүү хичээгээсэй гэсэн үүднээс ханддаг байсан хандлага маань ийм байдалд хүргэлээ.16 настайдаа анх Японд ирсэн. Тэр цагаас хойш тусалж дэмжиж байсан бүх хүмүүст баярлалаа, барлалаа, баярлалаа. Би сүмо бөхөд хайртай. Сүмод өнгөрүүлсэн 17 жил маань үнэхээр сайхан 17 жил байлаа. Уучлалт хүсч байна. Хариуцлагаа ухамсарлаж байна. Сүмо бөх болсноосоо хойш самуурай гэж ямар байх ёстой, Их аварга болчихоод их аварга хүн гэж ямар хүн байх ёстойг харуулж, бусдад үлгэрлэхийг хичээж ирсэн. 10 жилийн өмнө аавыгаа алдсан. Тэр цагаас хойш багшийгаа төрсөн аав шигээ бодож ирсэн. Энэ 17 жилийн турш багшийгаа баярлуулчих юмсан гэж хичээж, зүтгэж ирсэн. Энэ бүхний эцэст ийм байдлаар дуусгаж, багшийнхаа нулимсыг үзэж байгаадаа маш их харамсч байна. Багшаасаа сурсан бүх зүйлсээ санаж явах болно” гэж байсан юм.
Мэргэжлийн сүмогийн дэвжээнд 17 жил зодоглож их аварга цол хүртсэн Харүмафүжи Д.Бямбадорж сүүлчийн удаа дэвжээндээ гарч ёкозүна дохё-ири ёслол хийж зодог тайллаа. Тэрээр Зодог тайлснаасаа хойш юу хийх талаараа одоо болтол тодорхой мэдээлэл өгөөгүй байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ