Дэлхийн шатрын спортыг манай тамирчид тэргүүлж явна
Дэлхийн шатрын 43 дугаар олимпиад Гүржийн Батуми хотод болж байна. Тэмцээн гурван өрөг явагдаад байгаа бөгөөд тэмцээний чансаанд 17 дугаарт эрэмбэлэгдсэн Монгол Улсын эмэгтэй шигшээ баг Армен, БНХАУ-ын хамт гурван хожилтойгоор олимпиадад оролцогч нийт улсуудыг тэргүүлж явна. Манай багийн бүрэлдэхүүнд /ОУШХ-ны цахим хуудсанд эмэгтэй тамирчдын цолыг эрэгтэйчүүдийн ангиллаар бичжээ/ ОУМ Б.Мөнгөнтуул, ОУМ Т.Батчимэг, ОУМ Д.Номин-Эрдэнэ, эмэгтэйчүүдийн ОУШХМ Т.Мөнхзул, ОУШХМ Д.Янжиндулам нар тоглож байгаа бөгөөд чансааны 91 дүгээрт эрэмбэтэй Шри Ланкаг 4:0, Босни Герцоговиныг /63/ 3:1, Беларусийг /36/ 2.5:1.5-аар буулгаж авсан юм. Хувь тамирчдаас эрэгтэйчүүдийн ОУМ Д.Номин-Эрдэнэ хоёр өргөөс хоёр, ОУШХМ Т.Мөнхзул гурван өргөөс гурван хожил авч, 100 хувийн амжилттай явна. ОУМ Б.Мөнгөнтуул хоёр өргөөс 1.5, ОУХМ Д.Янжиндулам гурван өргөөс 1.5, ОУМ Т.Батчимэг хоёр өргөөс 1.5 оноотой явна.
ИМ Б.Хатанбаатар ахлагчтай ИМ Ц.Батчулуун, ОУМ С.Билгүүн, ОУМ Н.Баттулга, ОУМ Г.Мөнхгал, ОУШХМ У.Насанжаргал нарын бүрэлдэхүүнтэй, чансаагаа 46 дугаарт эрэмбэлэгдсэн манай эрэгтэй баг гурван өргийн дараах байдлаар нэг хожил, нэг хожигдол, нэг тэнцээтэй 86 дугаар байрт явна.
Чансааны 136 дугаарт эрэмбэтэй Эфиопыг 4:0-ээр хожиж, 33 дугаарт эрэмбэтэй Кубатай 2:2-оор тэнцэж, чансааны 14-т эрэмбэтэй Гүржийн нэгдүгээр багт 1:3-аар дийлджээ.
ОУМ Г.Мөнхгал, Н.Баттулга нар гурван тоглолтод бүгдэд нь оролцсон байна. Манай шатарчдаас хамгийн өндөр оноог ОУМ Г.Мөнхгал аваад байгаа бөгөөд тэрээр гурван өргөөс 2.5 оноотой явна. ИМ Ц.Батчулуун хоёр өргөөс нэг, ОУМ С.Билгүүн хоёр өргөөс 0.5, ОУМ Н.Баттулга гурван өргөөс 1.5, ОУШХМ У.Насанжаргал хоёр өргөөс 1.5 оноотой явна.
Өнөөдөр манай эрэгтэй баг чансааны 119-д эрэмбэлэгдсэн Малавитай, эмэгтэй баг 28 дугаарт эрэмбэтэй Ирантай тоглох бөгөөд тоглолт орон нутгийн цагаар 15.00 цагт эхэлнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ