Манай улс медалийн чанараар 13 дугаарт эрэмбэлэгдэж байна

Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Азарбайжаны нийслэл Бакуд үргэлжилж байна. Өнөөдөр тэмцээний багийн барилдаан болох бөгөөд манай улсын бөхчүүд хамгийн түрүүнд Японы жүдочидтой учраа таарчээ. Одоогоор дэлхийн аваргыг Япон улсын баг тамирчид зургаан алт, таван мөнгө, гурван хүрэл медальтайгаар тэргүүлж байна. БНСУ-ын жүдочид хоёр алт, нэг хүрэл медаль авснаар удаах байрт явна. Харин гуравдугаар байрт Францын тамирчид нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилттай байна.

Манай улсын хувьд хоёр хүрэл медаль авснаар жагсаалтын 13 дугаар байрт эрэмбэлэгдэж байна. Дэлхийн аваргаас манай улсын хоёр дахь хүрэл медалийг тэмцээний -100 кг-ын жинд өрсөлдсөн олон улсын хэмжээний мастер Л.Отгонбаатар хүртсэн. Тэрбээр хүрлийн төлөөх барилдаанд Японы жүдочыг ялж медалийн тавцанд зогссон юм. Харин өчигдөр Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, олон улсын хэмжээний мастер Ө.Дүүрэнбаяр, Б.Мөнхтуяа нар дэлхийн аваргын дэвжээнд гарав. Тэднээс Б.Мөнхтуяа эхний учраадаа ялагдаж тэмцээнээ өндөрлүүлсэн бол Н.Түвшинбаяр Чехийн бөхөд дийлдэж үзэгчдийн суудалд шилжлээ. Ө.Дүүрэнбаяр хэсгийн аваргын төлөөх барилдаанд Японы бөхийг ялж, мөнгөн медалийн төлөө барилдахаар болсон юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ