Чөлөөт бөхийн залуучуудын ДАШТ-ээс Б.Энхцэцэг хүрэл медаль хүртэв
Чөлөөт бөхийн залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Словакийн Трнава хотод үргэлжилж байна. Эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медальт, өсвөр үе, залуучуудын улсын аварга, “Аврагч” спорт хорооны тамирчин Батбаатарын Энхцэцэг урамтай сайхан барилдаж хүрэл медаль хүртэв. Б.Энхцэцэг Трнавагийн дэвжээнд манай тамирчдын анхны хүрэл медалийг авчирч байна. Энэ нь Монголын бөхчүүдийн залуучуудын ДАШТ-ий 28 дахь хүрэл медаль болж байгаа юм.
Тэрбээр Трнавагийн дэвжээнд нийт таван барилдаан хийсэн бөгөөд өчигдөр тэгшитгэлд өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий алт, мөнгөн медальт Украины Вероника Рябоволоваг 10:5-аар ялсан ч 1/8 шигшээд өсвөр үе, залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медальт Узбекистаны Актенге Кунимжаевад цэвэр ялагдсан. Чантуу бүсгүй шигшээд шалгарснаар манай бөхөд дагах барилдаан гарсан. Улмаар өнөөдөр дагах барилдаанд Болгарын Кремена Петроваг оноогоор цэвэр (10:0), энэ жилийн залуучуудын Европын дэд аварга Азербайжаны Татьяна Варансоваг 14:6-гаар, хүрэл медалийн төлөөх барилдаанд АНУ-ын Алиша Сью Хоукийг оноогоор цэвэр (11:0) ялж, шагналын тавцанд бардам зогсохоор боллоо. Чингэлтэй дүүргийн дасгалжуулагч П.Чулуунбаатар Словакт гурван шавьтайгаа очсон бөгөөд Б.Энхцэцэг хүрэл медаль хүртэж багшийгаа баярлуулав.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ