100 тэрбум рублийн хөнгөлөлттэй зээлийг УБТЗ-ын шинэчлэл, эрчим хүчний салбарт зориулах талаар ярилцлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай өнөөдөр уулзаж, хоёр улсын хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцож, ярилцлаа.
Уулзалтын эхэнд хоёр орны төрийн тэргүүн нар Владивостокт болж буй эдийн засгийн форумын үеэр Алс дорнодод дахин уулзаж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, хоёр улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд энэ уулзалтууд ихээхэн ач холбогдолтойг онцолжээ.
В.В.Путин хөдөө аж ахуй, төмөр зам, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг улам бүр эрчимжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлжээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улс, ОХУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай 1993 оны гэрээг шинэчлэн хугацаагүйгээр байгуулах тухай өмнө тавьсан саналаа дурдаж, ОХУ-аас олгох 100 тэрбум рублийн хөнгөлөлттэй зээлийг УБТЗ нийгэмлэгийн шинэчлэл болон эрчим хүчний салбарт зориулах, хоёр улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хамтын ажиллагааг эрчимжүүлж бүс нутгийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны шинэчилсэн төлөвлөгөө гаргаж ажиллах асуудлаар ярилцав.
Мөн Алс дорнодод далайн боомт ашиглах асуудлыг судалж буйгаа дурдаж, гурван улсын эдийн засгийн коридорын ажлыг эрчимжүүлэх хамтарсан ажлын хэсэг байгуулах гэх мэт хэд хэдэн тодорхой саналууд илэрхийлж ярилцлаа.
Мөн Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ байгуулахад хамтарч ажиллах асуудлаар саналаа илэрхийлж, санал, төслүүдтэй холбоотой эдийн засгийн тооцоо судалгааг ОХУ-ын Ерөнхийлөгчид гардууллаа.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин хоёр улсын хамтын ажиллагаа бүхий л салбарт эерэг үзүүлэлттэй, сүүлийн жилүүдэд эдийн засгийн өсөлттэй байгаад сэтгэл хангалуун байгаагаа онцлоод цаашид хөдөө аж ахуй, төмөр зам, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг улам бүр эрчимжүүлэх сонирхолтой байгаагаа хэлсэн юм.
Мөн ОХУ, БНХАУ-ыг холбосон байгалийн хийн хоолойг Монгол Улсын нутгаар дамжуулах Монгол Улсын Ерөнхийлөгчийн өмнө тавьсан саналыг дэмжиж байгаагаа дахин нотлов. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин ОХУ-аас Монгол Улсад олгохоор ярилцаж байгаа 100 тэрбум рублийн хөнгөлөлттэй зээлийг УБТЗ-ын болон Дулааны цахилгаан станцын шинэчлэлд зарцуулах боломжтой хэмээн хэлсэн юм.
Талууд ирэх жил тохиох Халхын голын тулааны 80 жилийн ойг хамтран тэмдэглэх, энэ хүрээнд хамтарсан үзэсгэлэн, уран сайхны болон баримтат кино, ном зохиол гаргахаар тохиролцлоо. Мөн уг ойг хамтран тэмдэглэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинг Монгол Улсад айлчлахыг урьсан гэж Ерөнхийлөгчийн Тамгын газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ