Т.Тулга мөнгөн медаль хүртлээ

Якутын чөлөөт бөхийн дэг сургуулийг үндэслэгч, ЗХУ-Якутын нэрт дасгалжуулагч Дмитрий Коркины нэрэмжит чөлөөт бөхийн олон улсын тэмцээн ОХУ-ын Якут улсад болж байна. Өчигдөр тэмцээний 57, 65, 74, 86, 97 кг-ын барилдаан болж, манайхнаас 65 кг-д барилдсан ОУХМ Т.Тулга, 97 кг-д барилдсан ОУХМ Ө.Батзул нар шигшээ барилдаанд шалгарсан талаар бид мэдээлсэн. Дээрх жингүүдийн медалийн тлөөх барилдаан яг одоо болж байгаа бөгөөд манай ОУХМ Т.Тулга мөнгөн медаль хүртлээ. Тэрээр дэвжээний эзэн Якутын бөх Виктор Рассадинд 2-4-өөр хожигдсон юм. Барилдааны эхэнд якут бөх манай бөхийн нүд рүү нэг бус удаа хуруугаараа чичсэн нь барилдаанд нөлөөлсөн гэж харагдаж байв.  

Т.Тулга аваргын төлөө шалгарах замдаа Донзаленко Николай (Красноярск), Ниязбеков Даулет (Kазахстан), Рей Хигучи (Япон, олимпийн мөнгөн медальт), Баяр Цыренов (ОХУ/Буриад) 13-2 нарыг ялжээ. Тэмцээний аварга бөх 10 000, мөнгөн медальтан 5000, хүрэл медальтан 3000 ам.долларын шагнал хүртэж байгаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ