Т.Тулга, Ө.Батзул нар аваргын төлөө барилдана

Якутын нэрт дасгалжуулагч Дмитрий Коркиний нэрэмжит ОУТ-ий 65 кг-ын жинд 2015 оны өсвөр үеийн Азийн аварга, 2018 оны “Тахтийн цом” ОУТ-ий аварга, “Арслан” клубийн тамирчин ОУХМ Т.Тулга аваргын төлөө барилдахаар боллоо. Красноярскийн Николай Донзаленко, ДАШТ-ий хүрэл медальт Казахстаны Даулет Ниязбеков, “Рио-2016” олимпийн наадмын мөнгөн медальт Японы Рей Хигүчи нарыг ялаад байсан тэрбээр дөнгөж сая хагас шигшээ барилдаанд манайхны эчнээ танил Буриадын Баяр Цыреновыг оноогоор (13:2) цэвэр ялсан юм. Т.Тулга өнгөрсөн зургадугаар сард Улаанбаатарын дэвжээнд түрүүлсэн нутгийн бөх Виктор Рассадинтай маргааш алтан медалийн төлөөх барилдаанд хүч үзнэ.

Мөн Дмитрий Коркиний нэрэмжит олон улсын тэмцээний 97 кг-ын жинд “Тахтийн цом”-ын хүрэл, “Монголиа Опен” ОУТ-ий мөнгө, хүрэл медальт, “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Ө.Батзул алтан медалийн төлөө барилдахаар боллоо. Ө.Батзул Красноярскийн Юрий Белоновский, Македоны Магомедгажи Нуров, Красноярскийн Эрик Жиоевыг тус бүр ялснаар шигшээд шалгарсан юм. Өнөөдөр алтан медалийн төлөө Азербайжаны Нурмагомед Гажиевтэй хүч үзнэ.

Түүнчлэн 86 кг-д “Жакарта-2018” Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медальт, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ О.Үйтүмэн маргааш дагах барилдаан хийнэ. Түүнийг ялсан Ираны Акбар Базригалех хагас шигшээд Финландын Хейног оноогоор цэвэр ялсан. Харин гавьяат тамирчин Г.Мандахнаранг ялсан якутын Герман Устинов хагас шигшээд ялагдснаар дагах барилдаан гарсангүй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ