Скрипаль нарыг хордуулсанд Путинийг буруутгав

Тагнуулын ерөнхий газрын хурандаа асан Сергей Скрипаль болон түүний охин Юлия нарыг мэдрэл саажуулдаг  “Новичок” бодисоор хордуулсны бурууг Оросын ерөнхийлөгч Владимир Путин биечлэн хүлээх ёстой гэж Их Британийн Аюулаас хамгаалах яамны сайд Бен Уоллес мэдэгджээ. Түүний ингэж хэлснийг “Гардиан” сонинд иш татан дурдсан байна.

“Эцсийн бүлэгт хариуцлагыг тэр [Путин] хүлээх ёстой, юу гэвэл түүний засгийн газар  батлан хамгаалах яамаар дамжуулан Тагнуулын ерөнхий газар  зэрэг тусгай албадыг санхүүжүүлж, удирдаж байдаг юм” гэж тэр мэдэгдсэн байна.

Их Британийн ерөнхий сайд  Тереза Мэй  Оросын удирдагчийг шууд буруутгаагүй ч, ийнхүү хордуулах ажиллагаанд ОХУ-ын тусгай албад буруутай гэж мэдэгджээ.

Их Британи Орост дипломатын дарамт шахалт үзүүлэх явдлаа хүчтэй болгож, болсон явдалд оросын тал буруутай тухай асуудлыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд тавих бодолтой байгааг сонинд дурдсан байна.

Британийн эрх баригчид  эцэг, охин Скрипалийг хордуулсан хэрэгт сэжиглэж буй оросын иргэдийн нэрийг есдүгээр сарын 5-нд зарласан юм. Их Британийн талын мэдээлсэнээр,  тэд Александр Петров, Руслан Боширов гэсэн хуурамч нэрээр олгосон  паспортаар Их Британид ирсэн  байна гэж Английн засгийн газар мэдээлжээ.

Тэгвэл "Зарласан нэр болон нийтлэсэн зураг нь юуг ч гэрчлэхгүй” гэж Оросын ГХЯ мэдэгдсэн байна.

Сергей болон Юлия Скрипалийг хордуулсан хэрэгт холбогдолтой хэмээн Их Британийн үзэж байгаа оросын хоёр иргэний нэг Александр Петров уг хэрэгт өөрийгөө ямар ч холбогдолгүй гэж мэдэгджээ.  Тэр телевизийн RT сувгийн сурвалжлагчтай ярилцах үеэрээ ийн хариулжээ.

Би эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн “Микроген” нэгдлийн Томскийн салбарт хэсгийн даргаар ажилладаг гэж тэр тайлбарлажээ.

“Миний нэр, овогтой  яг таарч байгаа  ч , би Лондонд очих бүү хэл, Алтайд ч очиж  үзээгүй хүн” гэж Петров хэлсэн байна.

"Оросын удирдлага Солсберид болсон хэрэг явдалд холбогдолтой" хэмээн Их Британийн ерөнхий сайд Тереза Мэй мэдэгдсэн нь байж болшгүй зүйл гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгджээ.

 

Оросын дээд удирдлага, бас зэрэг дэвээр доогуур  манай орны албан ёсны ямар ч төлөөлөгчид  Солсберийн хэрэг явдалд огт холбогдолгүй гэж Песков онцлон тэмдэглээд,  “ийм яриа байж таарахгүй” гэж хэлсэн байна.

 

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ