Японд болсон хар салхины улмаас есөн хүн амиа алджээ

Японд сүүлийн 25 жил тохиогоогүй хар салхины улмаас есөн хүн амиа алдаж 300 гаруй хүн гэмтэж 3,000 гаруй иргэн Японы Кансай нисэх онгоцны буудал дээр гацаад байна.

Энэ оны байдлаар Японд цаг агаарын байдал тун хүндхэн болж өнгөрч байна.

Өнгөрсөн  долдугаар сард Японд агаарын хэм +40 хүртэл халж, дараа нь бороо орж үер буусан харин одоо хар салхи Японыг дайран өнгөрч нийт 220 хүн байгалийн онц үзэгдлээс болж амиа алдсан гэж бүртгэгдээд байна.

Кансай нисэх онгоцны буудлыг эх газартай холбож буй гүүрийг 2,591 тонн жинтэй онгоц мөргөжээ. Онгоц гүүр хоёр эвдэрсэн ч хэн нэгэн бэртэж гэмтээгүй байна. Хөлөг дээр байсан 11 гишүүнийг амжилттай аварчээ.

Харин гүүр эвдэрсний улмаас онгоцны буудал дээр 3,000 гаруй иргэн гацаад байгаа юм. Онгоцны буудлын суурь болон нислэгийн зам бүхэлдээ үерт автаж, цахилгаан тасарсан нөхцөл байдалтай байна.

Жэби нэртэй уг хар салхи мягмар гарагийн үдээс хойш Шикокү арлын өмнөд хэсгийг нөмөрч, дараа нь Японы хамгийн томоохон арал болох Хоншюү руу чиглэсэн билээ. Шуурганаас үүдэн 700 гаруй нислэг цуцлагдаж, галт тэрэгний хөдөлгөөн саатсан байна.

Япон улсын ерөнхий сайд Шинзо Абэ иргэдийг яаралтай нүүлгэн шилжүүлж, шаардлагатай арга хэмжээг авахыг шаардсан байна. Нэг сая гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлэх талаар авч хэлэлцжээ. Кобе хотын баруун хэсэгт 1,500 гаруй хоргодох байр байгаа гэнэ.

25 жилийн өмнө буюу 1993 онд Японд болсон хар салхины улмаас 48 хүн нас барж, ор сураггүй алга болжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ