Эмэгтэйчүүдийн шигшээ баг түүхэн ялалт байгуулав

Хөлбөмбөгийн “Зүүн Азийн АШТ-ий урьдчилсан шатны тэмцээн” Улаанбаатар хотод болж байна.

Тэмцээний хоёр дахь өдөр Ц.Ганболд дасгалжуулагчтай Монголын анхны эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг, Умард Марианы Арлуудыг 3:2-оор хожиж, түүхэн ялалт байгууллаа.





Тоглолтын эхний үед Умард Марианы Арлуудын бүсгүйчүүд хоёр гоол оруулснаар Монголын эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн анхны албан ёсны тоглолт төсөөлж байснаас тэс өөр эхэлсэн юм.


Завсарлагааны 15 минутад дасгалжуулагчдын баг тоглогчиддоо хэд хэдэн чухал зөвлөгөөг өгсөн нь гоол оруулж чадахгүй байсан эсрэг багийн хаалгыг онгойлгох түлхүүр байлаа.

Хоёрдугаар үеийн 51 дэх минутад манай шигшээ багийн 13 дугаартай довтлогч Н.Намуунаа нэрийн хуудас болсон хүчтэй цохилтоор эсрэг багийн хаалганы торыг сэт цохин гоол оруулж, тооны харьцааг ойртуулав. Н.Намуунаагийн гоол тооны харьцааг ойртуулаад зогсохгүй манай шигшээ багт сэргэлт авч ирсэн, тоглолтын эргэх цэг болсон юм.


Монголын 16, 19, насны охидын шигшээ болон эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн тоглогч Г.Цолмон 61' дэх минутад тэнцээний гоолыг оруулж, чухал тоглогчийнхоо үүргийг гүйцэтгэлээ. Харин 82 дахь минутад Н.Намуунаа хожлын гоолыг оруулж эхлүүлсэн ажлаа дуусгав.



Энэ нь Монголын анхны эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн анхны тоглолт, анхны оноо, анхны хожил юм.




СЭТГЭГДЭЛ БИЧИХ