Захарченкогийн үхэлд Украин холбогдолтойг нотложээ
Александр Захарченкогийн амь насыг бүрэлгэсэн хэрэгт сэжиглэгдэн саатуулагдсан этгээдүүд энэ гэмт хэрэгт Украин холбогдолтойг хүлээн зөвшөөрчээ. Түүний албан тушаалыг түр орлож байгаа Дмитрий Трапезников баасан гарагт сэтгүүлчдэд ингэж мэдэгдсэнийг “Донецкийн мэдээний агентлаг” уламжилжээ.
“Байцаалтын дүнд тэд (саатуулагдсан этгээдүүд) энэ гэмт хэрэгт Украины тал холбогдолтойг нотоллоо” гэж "Донецкийн БН улс"-ын тэргүүний үүргийг гүйцэтгэгч хэлсэн байна.
“Тус улсад Украины хүчнийхний зүгээс өдөөн хатгалга үйлдэхээр зэхэж байна гэж түүний хэлснийг РИА Новости агентлаг мэдээлжээ. “Байлдааны техник шилжин байрлаж, хэд хэдэн зөрчил бүртгэгдсэн бөгөөд гэхдээ бид байдлыг хянаж байна” гэж Трапезников дурджээ.
"Донецкийн БН улс"-ын нийт нутагт онц байдал зарласныг баасан гарагт мэдээлсэн байна. Тус улсын хилээр гадагш гарах замуудыг хааж, аюулгүй байдлыг хангах арга хэмжээг чангатгажээ.
Александр Захарченко түүний өргөөнөөс холгүй байдаг “Сепар” гэдэг кафенд наймдугаар сарын 31-нд дэлбэрэлт болох үеэр үхлийн шарх авсан байна. Украины аюулаас хамгаалах алба болсон хэрэг явдалд тус улс холбогдолтой гэдгийг няцаажээ. Захарченкогийн амь насыг бүрэлгэсэн нь террорын ажиллагаа мөн гэж Оросын ГХЯ тодорхойлсон. Энэ явдлын цаана Украины эрх баригчид байгаа гэж мэдэгдсэн байна.
Оросын ерөнхийлөгч Владимир Путин "Донецкийн БН улс"-ын тэргүүн Александр Захарченко алагдсантай холбогдуулан эмгэнэл илэрхийлсэн юм. Түүний мэдэгдэл Кремлийн сайтад нийтлэгдсэн байна.
“Александар Захарченко харамсалтайгаар амь үрэгдсэн нь террор, хүчирхийлэл, айлган сүрдүүлэх замыг сонгож, мөргөлдөөнийг эв зүйгээр, улс төрийн аргаар шийдвэрлэх арга зам эрж сүвэгчлэхийг хүсэхгүй байгаа этгээдүүд зүүн өмнөд нутгийн (Украины) оршин суугчидтай бодитой яриа хэлэлцээ хийх бодолгүй байгааг дахин гэрчилж байна.
Харин Донбассын ард түмнийг сөхрүүлэхийн тулд байдлыг тогтворгүй болгох осолтой үйлдэл хийж байна. Тэдний энэ үйлдэл бүтэхгүй” гэж Ерөнхийлөгчийн цахилгаан утсанд дурджээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ