Орос яагаад Хятадтай цэргийн холбоо байгуулж байна вэ?

Сергей Шойгу  1981 оноос хойшхи “Восток-2018” гэдэг цэргийн томоохон сургуулилт хийх гэж байгаа тухай зарласан бөгөөд үүнд Монгол, Хятад хоёр анх удаа оролцох юм.  Орос улс  түүхэндээ яагаад  ийм томоохон цэргийн сургуулилт хийх гэж байгаагийн учрыг олох гэж  РБК  сонин оролджээ.

Орос улс бүс нутгийн цэрэг-улс төрийн шинэ холбоо байгуулж байна гэсэн дүгнэлтийг шинжээчид хийж байна.

Сургуулилт есдүгээр сарын 11-нээс 15-нд Сибирь, Алс Дорнодод болох бөгөөд 1981 оноос хойшхи хамгийн томоохон нь юм.

Энэхүү өргөн цараатай сургуулилтад 300 мянга орчим цэргийн албан хаагч, 36 мянган танк, БТР болон бусад машин, 1 мянга гаруй нисдэг тэрэг, нисэх онгоц, зайнаас удирддаг нисдэг төхөөрөмж оролцоно. 

  Өнгөрсөн жил Белорустай хамтран хийсэн “Запад-81” сургуулилтад 13 мянга цэргийн албан хаагч (Белорусаас 7,2 мянга орчим, Оросоос барагцаалвал 5,5 мянга)  оролцсон байна. 2009 оны “Восток” гэдэг сургуулилтад 155 мянган хүн оролцож байжээ.

“Восток” сургуулилт нь оролцсон хүчний тоогоор уламжлал ёсоор хамгийн том нь бөгөөд юу гэвэл  Оросын европын хэсгийн адилаар  сургуулилтад оролцогчдын тоог хязгаарласан олон улсын гэрээ  хэлэлцээр энд үйлчилдэггүй юм гэж цэргийн шинжээч Антон Лавров тайлбарласан байна.

Нарийн ширийн зүйлийг  хараахан зарлаагүй байгаа ч, “ийм цар хүрээтэй сургуулилт нь том дайн хийх арга ажиллагаа  боловсруулж буй хэрэг юм” гэж Лавров хэлжээ.

НАТО “Восток-2018” сургуулилтыг   Орос улс “өргөн цараатай мөргөлдөөнд” бэлтгэж байгаа явдал гэж тодорхойлсон байна.

“Энэ нь бидний түрүүнд нь ажиглаж байсан тэр дүр зурагтай адилхан байгаа бөгөөд цэргийн төсөв болон цэргийн оролцоогоо үлэмжхэн нэмэгдүүлж буй Орос улс улам шийдэмгий ажиллаж байна” гэж НАТО-гийн төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Дилан Уайт мэдэгджээ.

 

Энэ сургуулилтыг америкийн эсрэг Орос, Хятадын цэргийн холбооны хүч чадлыг харуулж  буй хэрэг хэмээн үзэж байна гэж  Эдийн засгийн дээд сургуулийн дорно дахины судлалын сургуулийн захирал Алексей Маслов дурджээ.

 

“АНУ Зүүн болон Зүүн Өмнөд Азид цэргийн оролцоогоо бэхжүүлэхээр  оролдож, Филиппинтэй нэлээд идэвхитэй хэлэлцээ хийж байгаа бөгөөд Өмнөд  Солонгостой цомхон хөтөлбөрөөр саяхан сургуулилт хийсэн юм” гэж Маслов хэлсэн байна.

 

Хятад улс өөрийгөө эдийн засгийн төдийгүй,  цэргийн гүрэн гэдгээ харуулахыг эрмэлзэж байгаа хэрэг  гэж шинжээч үзэж байна.

 

“Энэ нь  Орос, Хятад хоёр цэрэг-улс төрийн шинэ холбоог албан ёсоор танилцуулж   байна” гэж шинжээч дүгнэжээ.

 

С.Инда

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ