Сургуульдаа тааруухан сурч байсан суут хүмүүс
Эрдэмтэй хүн далай, эрдэмгүй хүн балай гэдэг. Энэ нь маргашгүй үнэн. Гэвч олон суут хүн хүүхэд насандаа толгой сайтайгаараа гайхуулж байгаагүй байх юм. Зарим цөөн жишээг энд дурдая.
Оросын сонгодог зохиолч Антон Павлович Чехов гимназид сурч байхдаа хоёр ч удаа улирч байжээ. Гуравдугаар ангидаа тэр газар зүй, тооны хичээлдээ муу сурч, тавдугаар ангидаа грек хэлэндээ муу авснаар улирч байсан байна. Гэтэл өнөөгийн сурагчид Антон Павловичийн зохиол бүтээлийг судлаж байгаа.
Английн ерөнхий сайд асан Уинстон Черчилль маш ой сайтай хүүхэд байжээ. Гэвч ангийнхаа хамгийн муу сурагчийн нэг байсан тул өөрийн сонирхдог цөөхөн хичээлийг л үздэг байсан гэнэ. Муу сурч байсан Уинстон савааны амт байнга шахуу үздэг байжээ. Харин хүү нь сайн боловсрол олж авч чадахгүй нь хэмээн эцэг, эх нь санаа зовдог байжээ. Дашрамд дурдахад, 1953 онд Уинстон Черчилль Нобелийн утга зохиолын шагнал хүртсэн билээ. Тэр жил энэ нэр хүндтэй шагналд Черчилль, Эрнест Хемингэуй хоёр нэр дэвшиж байжээ.
Зөвлөлтийн нэрт яруу найрагч Владимир Маяковский бага ангидаа онцсайн сурч байсан ажээ. Гэвч цаашид сурах сонирхолгүй болсноор гимназийн тавдугаар анги төгсөөд, сургуулиа хаяж, дээр нь Маяковскийн ядуу тарчиг гэр бүл сургалтын төлбөрийг нь төлж чадахгүй байжээ.
Зохион бүтээгч Томас Эдисон сургуульд ердөө хэдхэн сар сурчээ. Ингэснээр багш нар нь ямар ч авъяасгүй хүүхдээ авахыг эцэг, эхэд нь зөвлөжээ. Цаашид ээж нь хүүхдээ гэрээр сургах болсон байна. Сүүлд нь өнөөх толгой муутай сурагч маань өөрийн бүтээлүүдээр дэлхий нийтийг гайхшируулсан билээ.
Яруу найрагч Иосиф Бродский долоодугаар анги л төгсгөжээ. Түүнийг улираасан учир, хүү сургуулиа орхихоор шийдсэн байна. Долоон жилийн хугацаанд тэрээр ямар ч мэрийлт гаргаж байгаагүй бөгөөд гэрийн даалгавраа хийдэггүй, багш нартайгаа хэрэлддэг байжээ. Долоодугаар ангидаа Бродский математик, физик, хими болон англи хэл гэсэн дөрвөн хичээлээр муу дүнтэй гарсан байна.
Константин Эдуардович Циалковский бага насандаа хатгалгаа авч, улмаар дүлий болж эхлэжээ. Энэ нь гимназийн сурлагад нөлөөлсөн нь мэдээж. Тэрээр гуравдугаар ангиасаа хөөгдсөн байна. Ингээд бие даан боловсрохоос аргагүйд хүрчээ. Хэдэн жилийн дараа Циалковский багш болох шалгалт амжилттай өгч, Боровский гацааны сургуульд тоо, геометр зааж эхлэсэн байна. Олигтой боловсролгүй хэдий ч, Константин Эдуардович онолын сансар судлалыг үндэслэгч болсон билээ.
Вальтер Скотт 1785 онд Эдинбургийн коллежид элсжээ. Бүр нэгдүгээр улирлын дараа грек хэлний багш нь түүнийг мулгуу, цаашид ч энэ хэвээрээ байх болно хэмээн хэлсэн байна. Би бараг бүх мэдлэгийг сургуулиар биш, харин өөрөө л бие даан олж авсан юм гэж Скотт дурсан ярьж байсан гэдэг.
Людвиг ван Бетховен суут хөгжмийн зохиолч байсан хэдий ч, насан туршдаа алдаатай бичиж, математикийн хамгийн энгийн нэмэх, хасах үйлдлийг ч бодож чаддаггүй байжээ. Харин хэд хэдэн гадаад хэлийг бие даан сурч чадсан нь үнэн.
Эцэст нь Оросын аугаа их яруу найрагч Александр Сергеевич Пушкин байна. Тэрээр Царскосельскийн лицейд сурч байхдаа тийм ч яадгаа алдсан сурагч байгаагүй бөгөөд орос, английн зохиол, түүхийг сайн мэддэг байжээ. Харин тооны хичээлд бол маш муу бөгөөд юу ч ойлгодоггүйгээсээ болоод хичээл дээрээ байнга шахуу уйлдаг байсан ажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ