Байтынхан Азийн наадамд анх удаа дөрөвдүгээр байр эзэллээ
Индонезийн Жакарта хотноо болж байгаа Азийн наадам-2018-д манай 260 гаруй тамирчин 30 төрөлд хурд хүч, авхаалж самбаагаа сорьж байгаа билээ. Одоогийн байдлаар манай тамирчид 2 алт, 2 мөнгө, 6 хүрэл медаль хүртэж, тэр тоогоор төрийн далбаагаа мандуулж, хоёронтаа төрийн дууллаа Жакартийн тэнгэрт эгшиглүүллээ. Өнөөдөр манай байтын эрэгтэй болон холимог баг Хятадын багтай “тулалдлаа”.
Тулааны эхний хэсэгт Хятадын багтай тэнцэж байсан ч сүүлийн хэсэгт оноогоор ялагдаж, дөрөвдүгээр байрт орж, медалийн үзүүрээс атгаад алдлаа. Гэхдээ манай байтынхан анх удаа Азийн наадамд 4-р байр эзэлж, өмнөх амжилтаа ахиуллаа. Монголын байтын тамирчид олимп, дэлхийн аварга өмнөд Солонгос, Энэтхэгийг багийг ялж шуугиан тарьж чадсан юм.
Азийн наадамд оролцсон бүх тамирчид, багш дасгалжуулагчид байт харвааны 360 төслийн бүтээн байгуулалт дээр өнгөрсөн 60 орчим хоногт өдөр шөнөгүй ажиллаж, анх удаа өөрсдийн бэлтгэл сургуулилт хийх зориулалтын олон улсын стандартын талбайтай болсон билээ. “Талбайгаа дөнгөж нээн бэлтгэл сургуулилтаа хийгээд ингэж амжилтаа ахиулсан юм чинь дараа удаад өндөр амжилт үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн дэмжигчид тэдэнд урам хайрлажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ