Америкийн мэдээлэгчид "таг чиг" болжээ
Кремль дэхь америкийн мэдээлэгчид оросын засгийн газрын төлөвлөгөөний тухай нууц мэдээллийг тусгай албадад дамжуулахаа больжээ. “Нью-Йорк таймс”сонин АНУ-ын тагнуулын албанд ойр байдаг хүмүүсийн хэлснийг иш татан ингэж бичсэн байна.
Мэдээлэгчдэд аюул учирсан байж болох юм гэж сонинд бичжээ. Ингэхдээ мэдээлэгчид алагдсан, эсвэл илчлэгдсэн хэмээн учрыг мэдэх хүмүүс үзэхгүй байгаа ажээ. Оросын сөрөг тагнуулын алба сайн ажиллаж байгаа хийгээд зэвсэгт хүчний тагнуулын ерөнхий газрын хурандаа асан Сергей Скрипалийг хордуулсан хэрэг тэдний ингэж чимээгүй болох шалтгаан болсон хэмээн үзэж байна.
Түүнчлэн Америкийн дипломатчдыг хөөн гаргасан нь байдалд нөлөөлсөн байж болох талтай гэдгийг бас тэмдэглэж байна. "Орос улс америкийн тагнуулын олон төлөөлөгчийг хөөн гаргасан юм" гэж ТТГ-ын ажилтан асан Жон Сайфер хэлжээ. АНУ янз бүрийн сувгаар мэдээлэл авдаг ч, конгрессын завсрын сонгуулийн талаар Оросын тал ямар төлөвлөгөөтэй байгааг мэдэхгүй байна гэж сонинд бичжээ.
Америкийн тал Оросыг АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцсон хэмээн удаа дараа зэмлэж байсан билээ. “Оросын хакерууд” ардчилсан намынхны бичиг захидлыг хулгайлан, интернэтэд тавьж, санал тоолох электрон системд нэвтрэхийг оролдож байсан хэмээн сэтгүүлчид болон АНУ-ын төрийн албан хаагчид нотлож байсан юм. Гэвч ОХУ энэ бүх зэмлэлийг няцааж байгаа билээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ