Наполеон бут цохигдсон шалтгаан тодорхой болов

"1815 онд Тамборын галт уул дэлбэрсэн нь Ватерлогийн дэргэдэх тулалдаанд Наполеон Бонапарт ялагдсан нэг гол шалтгаан болжээ" гэсэн дүгнэлтийг Лондоны хатан хааны коллежийн түүхчид хийсэн байна. Phys.org сайтын мэдээнд ингэж бичжээ.

Индонезийн Сумбава арлын Тамборын галт уул 1815 онд дэлбэрч, хүн төрөлхтөний соёл иргэншлийн түүхэн дэхь хамгийн хүчтэй дэлбэрэлт болсон байна. Үнс нурам Ява болон Флорессын тэнгисийн сав газрыг бүхэлд нь хучиж, Калимантан, Сулавес аралд хүрсэн бөгөөд дэлбэрэлтийн нүргэлэх чимээ Малайн олтригоор нэг сонсогдож байжээ.  Галт уулын дэлбэрэлт 1816 оны “зуныг зун биш болгосон” хэмээн үзэж байна.  Дэлбэрэлтийн улмаас 100 мянга орчим хүн амь үрэгджээ.

Галт уул дэлбэрснээр маш их хэмжээний үнс нурам агаар мандалд цацагдаж, улмаар дэлхий даяар үүл үүсч, хүчтэй аадар бороо ороход нөлөөлжээ гэж эрдэмтэд үзэж байна. Өчүүхэн жижиг бөөмсүүд ион мандалд дэгдэн гарч, дэлхийн янз бүрийн бүс нутагт байгалийн гамшиг үүсгэжээ. Ийнхүү Европын уур амьсгал Наполеоны армийн ялагдах хүчин зүйл болсон байх гэж судлаачид үзэж байна.

Ватерлогийн тулалдааны үед хүчтэй аадар бороо хөрсийг шавар шалбааг болгож, дайсны цэргийг францын их буучид буудсан ч нэмэргүй болгожээ гэж үзэж байна.  Их бууны сум туссан газраасаа дээш ойж чадалгүй, харин норсон хөрс дэлбэрэлтээс үүсдэг энергийг шингээж байжээ. Бороо орж байх үед шавар шавхай туучин, Ватерлоо тийш явахад хүрч байснаас болоод цэргүүд ядарч туйлдсан нь ч тулалдааны үр дүнд нөлөөлсөн байж болох талтай юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ