Азийн наадам: Э.Сумъяа, А.Батцэцэг нар хүрэл медаль хүртлээ

“Жакарта-2018” Азийн наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд “Будапешт-2013” ДАШТ-ий мөнгө, Азийн АШТ-ий мөнгө, “Универсиад” наадмын мөнгө, Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-гийн гурван хүрэл медальт, “Mongolia Open” ОУТ-ий болон Монгол Улсын хошой аварга, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Эрдэнэчимэгийн Сумъяа хүрэл медаль хүртэв. Тэрбээр Жакартагаас Монголын бөхчүүдээс хоёр дахь хүрэл медалийг авчирлаа. 

Э.Сумъяа тэгшитгэлд Энэтхэгийн Пинкиг, 1/4 шигшээд Вьетнамын Ти Ха Фуонгийг тус бүр оноогоор цэвэр ялсан ч хагас шигшээд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Казахстаны хашир туршлагатай бөх Жулдиз Эшимовад 11:12-оор ялагдсан. Тэгвэл хүрэл медалийн төлөөх барилдаанд БНСУ-ын Ли Шин Хиг цэвэр ялав.

Мөн Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэг эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд хүрэл медаль хүртэв.

Энэ нь Жакартагийн Азийн наадмын Монголын багийн дөрөв дэх (чөлөөт бөхөөр О.Үйтүмэн, Э.Сумъяа, буудлагаар Г.Нандинзаяа хүрэл медаль хүртсэн) хүрэл медаль болж байна.

А.Батцэцэг шөвгийн наймд Вьетнамын Ти Ли Киуг оноогоор цэвэр (13:2) ялсан ч хагас шигшээд энэ жилийн Азийн аварга БНХАУ-ын Пей Шинруд 1:4-өөр ялагдсан. Тэгвэл дөнгөж сая хүрэл медалийн төлөөх барилдаанд Азийн АШТ-ий хошой хүрэл медальт, БНСУ-ын Ум Жи Уныг 5:2-оор яллаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ