П.Орхон хагас шигшээд Р.Кавайтай хүч үзнэ

“Жакарта-2018” Азийн наадмын чөлөөт бөхийн тэмцээний эхний өдөр манай эрэгтэй бөхчүүд нэг алт, нэжгээд хүрэл медаль хүртсэн амжилттай өндөрлүүллээ. Тэгвэл маргааш эрэгтэйчүүдийн 125, эмэгтэйчүүдийн 20, 53, 57, 62 жингийн барилдаан болох бөгөөд манай бөхчүүд хэрхэн сугалаа татсаныг хүргэе.

125 кг: Монголын багийн тугч, ОУХМ Н.Золбоо тун хүнд сугалаа татжээ. Тэрбээр тэгшитгэлд Тажикистаны Фаркод Анакуловтой таарсан бөгөөд шөвгийн наймд “Лондон-2012” олимпийн наадмын мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт, Узбекистаны Давид Мозманашвилитэй хүч үзнэ. Түүнийг аргалчихвал Жакартад аваргаа хамгаалахаар ирсэн Ираны Парвиз Хадитай хагас шигшээд таарах магадлалтай. Хүнд жинд түрүүлэх магадлалтай гурван бөх нэг хэсэгт багтаж, нэг нь хоосон нутаг буцахаар болж байна. 
50 кг: Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт ОУХМ Э.Нарангэрэл тэгшитгэлд Тайландын Манлика Эсатитай хүч үзэхээр болсон. Түүнийг ялбал 1/4 шигшээд Узбекистаны Даулетбик Яахшимуратова, Вьетнамын Ти Сиан Нгьен нарын ялсантай хүч үзнэ.
53 кг: “Будапешт-2013” ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Э.Сумъяа тун боломжийн сугалаа татлаа. Тэрбээр тэгшитгэлд Энэтхэгийн Пинкитэй учраа таарсан бөгөөд түүнийг ялбал 1/4 шигшээд эзэн орны Деви Улфа, Вьетнамын Ти Ха Фуонг нарын ялсантай барилдана. Хоёр ялбал хагас шигшээд Казахстаны Жулдиз Эшимоватай таарах магадлалтай. Харин өнгөрсөн жилийн дэлхийн аварга Харүна Окүна, 2016 оны Азийн аварга БНХАУ-ын Пан Киану, Энэ жилийн Азийн аварга БНАСАУ-ын Пак Йон Ми нарын шилдгүүд нөгөө хэсэгт “чихэлдэж” нэг нь медальгүй харих нь. 
57 кг: 23 хүртэлх насны дэлхийн дэд аварга, залуучуудын дэлхйин болон Азийн аварга ОУХМ А.Батцэцэг шөвгийн наймд Вьетнамын Ти Ли Киутэй хүч үзнэ. Түүнийг ялбал хагас шигшээд энэ жилийн Азийн аварга БНХАУ-ын Пей Шинру, БНСУ-ын Ум Жи Ун нарын ялсантай барилдахаар оноолт таарав. 
62 кг: 2017 оны дэлхийн аварга, энэ жилийн Азийн аварга, гавьяат тамирчин П.Орхон 1/4 шигшээд Вьетнамын Ти Хан Нгьентэй учраа таарлаа. Улмаар хагас шигшээд олимп, дэлхийн аварга Рисако Кавайтай хүч үзнэ. Монгол, япон бүсгүйчүүдийн дуэль маргаашийн хамгийн оргил барилдаан гэхэд буруудахгүй болов уу.

Нөгөө хэсэгт ДАШТ-ий хүрэл медальт, Азийн хошой аварга Кыргызстаны Айсулуу Тыныбекова, “Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт Энэтхэгийн Сакши Малик, БНХАУ-ын Су Руй, Узбекистаны Набира Эсенбаева, Казахстаны Айюлим Кассимова нарын шилдгүүд багтжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ