“Дэлхийн хамгийн ядуу асан ерөнхийлөгч” тэтгэвэр авахаас татгалзжээ
Эгэл даруухан амьдралаараа “дэлхийн хамгийн ядуу ерөнхийлөгч” хэмээн хочлуулж байсан Уругвайн ерөнхийлөгч асан Хосе Мухика сенатчийн тэтгэвэр авахыг хүсэхгүй байгаагаа мэдэгдсэн байна. Сенатчийн үүрэгт ажлын хугацаагаагаа дуусгаснаар, Хосе Мухика өөрийн фермд ахиухан цагийг өнгөрүүлэхийг хүсч байгаагаа мэдэгджээ.
Мухика 2015 оноос Уругвайн сенатад ажиллаж байсан юм. Түүний ерөнхийлөгчөөр ажиллах хугацаа дууссаны дараа тэр энэ албан тушаалд шилжжээ. Өнгөрсөн мягмар гарагт тэр сенатчийн албан тушаалаа орхисон байна.
Хуучин ерөнхийлөгч 2020 оныг хүртэл сенатчийн суудалдаа үлдэж болох байсан ч, ингээгүй бөгөөд тэтгэвэрт гарахыг хүссэн өргөдөлдөө “удаан хугацаагаар аяласаар бүр залхаж гүйцлээ” хэмээн бичжээ.
“Гэхдээ ухаан санаа маань бас ч саруул байгаа цагт би эв санааны нэгдэл, үзэл санааныхаа төлөө тэмцлээс татгалзаж чадахгүй” гэж сенатын тэргүүн Лусия Тополанскигийн нэр дээр бичсэн захидалдаа тэр дурдсан байна. Мухикагийн гэргий Лусия Тополански бас тус орны дэд ерөнхийлөгч юм.
Мухика одоо 83 настай. Тэрбээр цэргийн шорон гянданд 14 орчим жил хоригдож байсан юм.
Өөрийн шулуун шударга, заримдаа эрс хатуухан мэдэгдлээрээ зартай бөгөөд цэцэн цэлмэг үгтэй Хосе Мухика “халуухан маргаанд хор шарыг нь малтаж дөнгөх хамт ажиллагсадаасаа” уучлал эрсэн байна.
2013 онд Аргентины ерөнхийлөгчийн албан хашиж байсан Кристина Киршнерыг “хөгшин шулам”, түүний нөхрийг “хялар новш” хэмээн хочилсондоо тэгэхэд тэд нараас уучлал эрэхэд хүрч байжээ. Нэг хэвлэлийн хурлын үеэр Мухика микрофон залгаатай байгааг анзаараагүй учир, түүний хэлсэн энэ үг хэвлэлийнхэнд санаандгүй хүрсэн байна.Мухикагийн гурван хөлтэй нохой нь түүнтэй хамт нэрд гарчээ.
2016 онд тэр Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурог “солиот дүнхүү” хэмээн хэлж байжээ.
Гэвч Мухика эгэл даруухан амьдардагаараа илүү нэрд гарсан юм. Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа болон дараа нь Мухика тус орны нийслэл Монтевидео хотоос холгүй орших өөрийн фермд гэргийнхээ хамт амьдарч байгаа ажээ.Тэрээр гэргийнхээ хамт цэцэг тарьж, худалдан, цалингийнхаа 90 орчим хувийг буяны үйлсэд өгч байсан бөгөөд фермийг нь эс тооцвол, 1987 онд үйлдвэрлэгдсэн “Volkswagen Beetle” машин нь түүний цорын ганц өмч гэнэ. 2014 онд Мухикагийн машиныг нэг сая ам.м доллараар авъя гэсэн ч, тэр "Фольксваген-аа зарахаас татгалзаад, би гурван хөлтэй нохойгоо юугаар авч явах юм хэмээн хэлж байсан гэдэг.
Мухико тэтгэвэр гарсан нь санамсаргүй явдал байгаагүй бөгөөд тэр огцрохоосоо хоёр долоо хоногийн өмнө энэ тухайгаа хэлж байжээ.
Гэхдээ хуучин ерөнхийлөгч 2019 онд ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөхөөр албан тушаалаа өгсөн гэх цуу яриа Уругвайн улс төрийн бүлгийнхний дунд тарж байгаа ажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ