Монголын Хүндийн Өргөлтийн Холбооны Түүхэн өдрүүдийг эргэн дурсахуй

2017 оны долоодугаар сарын төгсгөлд буюу *28-д Хүндийн өргөлтийн залуучуудын АШТ Непал /Балба/ улсад болоход Монголын туйванч охидууд түүхэн амжилт үзүүлсэн. Азийн залуучуудын аварга М.Анхцэцэг энэхүү тэмцээнд /75кг/ гурван алтан медаль авч Ази тивийн хошой аварга болсон бол ОУХМ Э.Билэгсайхан -90 кг-ын жинд нэг алт, 2 мөнгөн медаль хүртэж анх удаагаа Азийн аварга болж бахдам амжилт гаргасан. Мөн 63 кг-д өрсөлдсөн ОУХМ Г.Ануужин 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн бөгөөд ОУХМ Б.Энхтамир шагналт тавдугаар байрт орж байсан байна.

Тун удалгүй 2 сарын дараа "Ашгабат-2017" Азийн танхимын болон тулааны спортын наадмын хүндийг өргөлтийн төрөлд өрсөлдсөн ОУХМ Мөнхжанцангийн Анхцэцэг аваргын алтан медаль хүртлээ.

20 хоногийн дараа л Тайландын Эзэн хааны нэрэмжит хүндийн өргөлтийн "Дэлхийн цом"-ын тэмцээнээс ОУХМ Г.Анужин 63 кг-д,Э.Билэгсайхан +75 кг-д нар алтан медаль хүртэж Тайландын тэнгэрт алтан соёмбот далбаагаа мандуулсан байна.

Энэхүү нэр хүндтэй тэмцээнээс манай тамирчид өмнө нь алтан медаль хүртэж байгаагүй.

2 сарын дараа л АНУ-ын Анахейм хотод үргэлжилж байгаа хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 75 кг-ын жинд Монгол Улсын Шигшээ багийн тамирчин, ОУХМ М.Анхцэцэг огцом өргөлтийн төрөлд 107 кг-ыг өргөснөөр хүрэл медаль хүртсэн энэ сарын 25-нд 20 нас хүрэх тамирчны хувьд үнэхээр бахархам амжилт болсон юм.


Хэрвээ гарынх нь бэртэл сэдрээгүй бол тэрээр түлхэлттэй өргөлтөөр амжилтаа ахиулж медалийнхаа өнгийг ч хувиргах бүрэн боломжтой байсан. Гэхдээ түүний өмнө тамирчин хүний олон гайхалтай амжилтын дардан зам дурайж байгааг бодолцож гэмтлийг нь хүндрүүлэхээс болгоомжлон дасгалжуулагч нь өргөлтийг нь зогсоожээ.

Түүний энэхүү амжилт нь Монголын хүндийн өргөлтийн түүхэн дэх дэлхийн аваргын анхны медаль бөгөөд бахдам амжилт гаргасан тэрээр шагналаа гардсаныхаа дараа “Монголын түүхэнд анх удаа насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медаль зүүсэндээ баяртай байна.

Түрүүлж өсгөсөн ээж, аав, гэр бүлийнхэндээ, Ц.Хосбаяр багшдаа, Монголын хүндийн өргөлтийн холбоог дэмждэг албан байгууллага, хувь хүмүүс маш их баярлалаа. Цаашдаа улам их хичээж, дараа жил дэлхийн аварга болно” хэмээсэн билээ. 2017 оны долоодугаар сараас 12 дугаар сар хүртэл Монголын Хүндийн Өргөлтийн Холбооны Түүхэн өдрүүд байсан шүү.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ