Төгсөгчдийг маань хараад “Харүмафүжи Монголдоо хэрэгтэй зүйл хийжээ” гэж хэлбэл миний зорилго биелэх болно
Мэргэжлийн сумод эх орныхоо нэрийг дуурсгасан монгол залуусын нэг бол Харүмафүжи Д.Бямбадорж. Тэрээр Монгол Улсынхаа боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийж, “Шинэ Монгол” эрдмийн хүрээлэнтэй хамтран ерөнхий боловсролын сургууль байгуулж байгаа юм байна.
Монгол залуусыг гэрэлт ирээдүй өөд хөтлөх зорилготой тус сургууль энэ хичээлийн жилд буюу есдүгээр сарын 1-нд нээлтээ хийнэ. Одоогийн байдлаар 1, 2, 3, 6, 7, 8 дугаар ангиуддаа элсэлтээ авч дуусчээ. Харин 10 дугаар ангидаа цөөн тооны элсэлт авахаар зэхэж буй юм байна. Энэ талаар Сүмогийн Их аварга Харүмафүжи Д.Бямбадоржтой ярилцлаа.
-Сүмогоос зодог тайлснаас тань хойш монголчууд хөдөлгөөн бүрийг тань анзаарч, хаана юу хийж яваа бол, юу хийх бол гэж харж хүлээж байлаа. Гэтэл өнгөрсөн хавраас “Шинэ Монгол Харүмафүжи ЕБС сургууль” гэсэн бичиг Яармагийн гүүрний цаана харагдах болсон. Энэ талаар яриагаа эхлэх үү?
-Баярлалаа. Миний хувьд эх орондоо ирж хэсэг хугацаанд амрахын зэрэгцээ ажил төрлөө ч амжуулахыг хичээж явна. Үүний нэг нь таны асуусан “Шинэ Монгол Харүмафүжи” ерөнхий боловсролын сургууль. Ирэх есдүгээр сарын 1-ний өдөр нээлтээ хийх гээд амсхийх чөлөөгүй л байна. Маш олон хүн энэ ажилд сэтгэл зүтгэл гаргаж хөдөлмөрлөж байгаа учраас ажил бүтэмжтэй сайхан л байна. Монголчууд маань үнэхээр юм хийдэг, бүтээдэг, хөдөлмөрлөж чаддаг болжээ. 18 жил Сүмогийн ертөнцөөр амьсгалах хугацаанд улс эх орон минь хөгжиж дэвшиж, ялангуяа барилгын салбарынхан гайхамшигтай ур чадвартай болжээ. Энэ бүхнийг харж мэдрэх сайхан байна. Тиймээс энэ ажилд чин сэтгэлээсээ зүтгэсэн бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлье.
-Сургуулийн тань барилгын ажлыг японууд гүйцэтгэж байгаа юу?
-Үгүй, үгүй. Монголын маань компани барьж байгаа. Ажилчид нь ч гэсэн монгол хүмүүс. Бүр зураг төслийг нь ч монгол дизайнер гаргасан юм. Би өөрөө дүрслэх урлагийн сургууль төгссөн хүн шүү дээ. Манай ангийн хүүхэд ерөнхий зураг төслийг нь гаргасан юм. Сургуулийн маань цогцолборыг дээрээс нь харвал “Харүмафүжи” нэрний илэрхийлэл болсон “H” үсгэн хэлбэртэй байгаа.
-Сонирхолтой юм. Тэгэхээр зөвхөн дунд сургуулийн барилга бус “Цогцолбор” сургууль байх нь ээ?
-Тийм ээ. Энэ жилдээ бид сургуулийнхаа “А” блокыг ашиглалтад оруулна. Дараа жилээс “Спорт цогцолбор”, “Дотуур байр”, цаашлаад “Ажилчдын орон сууц” гэхчилэн асуудлыг цогцоор нь шийдэхээр төлөвлөсөн.
-Спорт заалны барилгын явцтай сая танилцлаа. Юу ч гэмээр юм бэ. Ерөнхий боловсролын сургуульд ахадмаар гээд хэлчихвэл зохимжгүй байх л даа?
-(инээв) манай гүйцэтгэгч компанийнхан ч тэгээд л байгаа юм. Гэхдээ ерөнхий боловсролын сургууль жижигхэн заалтай байна гэсэн стандарт байхгүй шүү дээ. Би түрүүн хэлсэн. Энэ ажилд маш олон хүний зүрх сэтгэл, хөдөлмөр шингэсэн. Миний хувьд ч гэсэн сургуульдаа бүхий л зүрх сэтгэлээ зориулж байна. Учир нь, Монголынхоо хүүхэд багачуудын ирээдүйд зөв зүйтэй хөрөнгө оруулалт хийе, эх оронч сэтгэлгээтэй, боловсролтой сайн иргэдийг бэлдэж өгье гэсэн чин сэтгэл надад байна. Тиймээс сургуулийнхаа ширхэг “хадаас”-нд ч сэтгэлээ шингээе гэж хичээж байна.
-Бас нэг саваагүй зүйл асуумаар санагдлаа. Хувийн дунд сургуульд “Дотуур байр” ямар хэрэгтэй юм бэ?
-Ерөнхийдөө 2020 он гэхэд цогцолбороо бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа юм. Сургууль маань бүрэн хүчин чадлаараа ажиллаад эхлэхээр орон нутгаас элсэлт авдаг болно. Тэр дундаа 21 аймгаасаа шилдэг хүүхдүүдийг сонгож, 100 хувийн тэтгэлгээр сургах бодол байна. Бодол ч юу байхав ер нь тэгж төлөвлөсөн юм. Хөдөө орон нутгаас ирж байгаа хүүхдүүд гэр бүлээсээ хол, хоёрдугаарт эцэг эх нь надад итгэж үр хүүхдүүдээ явуулж байгаа учраас би аюулгүй амар тайван амьдрах нөхцөл, сурах боломжийг нь хангалттай сайн бүрдүүлж өгөх ёстой. Энэ зорилгынхоо үүднээс цогцолбор сургуулиа сурагчдын “Дотуур байр”-тай байхаар төлөвлөсөн юм.
-Та бол Сүмогийн Их аварга Харүмафүжи. Тэгэхээр сургуулийг тань спортгүйгээр, сүмогүйгээр төсөөлж чадахгүй нь. Өөрөөр хэлбэл, энэ чиглэлийн сургалт явуулах уу?
-Энэ талаар ярихаасаа өмнө “Шинэ Монгол Эрдмийн хүрээлэн”-гийн талаар дурдах нь зүйтэй байх. “Шинэ Монгол” тэгээд “Харүмафүжи”. Өөрөөр хэлбэл, энэ хоёрын нэгдэл. Монголчууд “Шинэ Монгол Эрдмийн хүрээлэнгийн” ерөнхийлөгч Ж.Галбадрах багшийг хэдийнэ таних биз ээ. Миний хувьд нэгэнт бий болгосон тогтолцоо, соёл, хөтөлбөртэй хамтарч байгаагаараа онцлог, мөн их завшаантай хэрэг. “Шинэ Монгол”-чуудын нэг онцлог нь хүнийг хүн болгох тал дээр түлхүү анхаарч ажилладаг. Мэдээж тухайн хүүхэд сайн сурч, лидер сурагч болох нь зөв. Үүнээс гадна “Хүн болох” гэсэн ойлголт бий. Энэ талаас нь яривал спортоор дамжуулж хүн хүмүүждэг нэг тал бий. Ялж, ялагдах, хатуужил, тэвчээр, итгэл даах чанар, эрүүл чийрэг хүн болоход өгдөг спортын өгөөжийг яриад дуусахгүй. Тиймээс л томоохонд тооцогдох спорт заалыг байгуулсан хэрэг. Миний хувьд амьдралынхаа 20-иод жилийг мэргэжлийн спортод зориулсан. Сумо бол зөвхөн ялж, ялагдах тухай ойлголт биш юм. Японуудын амьдралын хэв маяг, ард түмнийх нь соёл, уламжлалаас эхлээд хариуцлагатай байх, бусдыг хүндлэх гээд олон зүйлийг суралцсан. Сүмо хэмээх гайхамшигт спортоор дамжуулан ойлгож, мэдэрсэн. Тиймээс бид онцлог сонирхол, хүмүүжил гээд олон зүйлээрээ нийцэж байгаа гэх үү дээ.
-Энэ бүх нарийн ширийн зүйлсийг бодож төлөвлөснөөс тань харахад сургууль байгуулах төлөвлөгөө эртнээс бүрэлджээ дээ?
-Одоогоос дөрвөн жилийн өмнө анх сургууль байгуулах талаар бодож эхэлсэн. Сүмо барилдаж байх үед шүү дээ. Хэрхэн, яаж гэдгээ сайн тодорхойлоогүй ч зүрх сэтгэлдээ бодоод л яваад байсан хэрэг. Японд амьдраад 10 гаруй жилийг үдчихсэн учраас эх орондоо очоод юу хийх талаар үе үе бодолхийлдэг ч болчихсон байсан. Мөн эх орондоо түр хугацаагаар ирэх бүртээ ачийг нь яаж хариулах билээ гэж маш их бодож, гарц эрэлхийлдэг байлаа. Эх орныхоо сайн сайхан ирээдүйд ямар нэгэн байдлаар хувь нэмрээ оруулах нь миний үүрэг юм. Хүн өөрөө өөрийнхөө хэрэгцээнд хязгаар тавих хэрэгтэй. Аав минь энэ тал дээр маш их хэлж, сургадаг байлаа. Өөрөөр хэлбэл, Д.Бямбадорж гэдэг хүнд материаллаг талаасаа унах унаа, идэх хоол, орох орон, ажил мэргэжил байхад л хангалттай. Энэ хэрэгцээгээ нэгэнт гүйцэлдүүлсэн бол бусдын төлөө, нийгмийнхээ төлөө ажиллах ёстой гэж аав минь сургадаг байсан юм. Тиймээс л Монголдоо ерөнхий боловсролын сургууль байгуулъя гэж эргэлтгүй шийдсэн. Мөн сургууль байгуулахад нөлөөлсөн өөр нэг шалтгаан гэвэл сүүлийн үед хүүхэд, залуус гадаад улс, орнууд руу их тэмүүлдэг болжээ. Багаасаа гадаад хэл үзэж, гадаадад суралцаж, тэндээ ажиллаж, амьдрах хүсэлтэй залуус ч олширсон байна. Тиймээс би хүүхэд, залуусын дунд “Монголын нууц товчоо” гэдэг тэмцээн зохион байгуулж8 энэ сэтгэлгээг өөрчлөхийг хичээж байлаа. Бидэнд бахархах түүх, соёл, эх орон хэчнээн сайхан зүйл их байгааг хүүхэд, залуус маань олж харах хэрэгтэй. “Монголын нууц товчоо” тэмцээнийг зохион байгуулсныхаа дараа улсын хөгжил бол боловсрол юм гэдгийг хатуу ойлгосон. Үүнийгээ биелүүлэхийн тулд “Шинэ монгол”-той хамтрах хэрэгтэй юм байна гэдгийг ч ойлгосон. Учир нь, энэ сургуульд зааж буй хичээл бүхэн Монгол ёс жаягтай холбоотой байдаг юм.
-Ингэхэд “Шинэ монгол” сургуультай яаж холбогдсон юм бэ?
-Гэргий маань “Шинэ Монгол” сургуулийн дөрөв дэх үеийн төгсөгч. Бидний хуриман дээр “Шинэ Монгол Эрдмийн хүрээлэн”-гийн ерөнхийлөгч, доктор Ж.Галбадрах багш маань хүрэлцэн ирж, их сайхан үг хэлж байсан юм. Өмнө нь ч Галаа багштайгаа гэр бүлийн хүрээнд их сайхан харилцаатай байсан л даа. Анх түүний тухай яаж мэдсэн юм бэ гэхээр Японд суралцахаар очиж буй залуустай уулзахаар “Шинэ Монгол” сургуулийн төгсөгчид эрхгүй ялгарч байсан. Биеэ авч яваа байдлаас эхлээд зөв үлгэр дууриалтай залуусаас “Монголд ямар сургууль төгссөн” талаар нь асуухад бүгд “Шинэ Монгол” гэж хариулж байсан. Галаа багшийн шавь нар зөв бодолтой, бусдыг хүндэлдэг, их зөв хүүхдүүд л дээ. Анх ингэж шавь нараар нь дамжуулан түүний талаар ойлголттой болж байлаа. Хүн суралцахаас гадна хүн байх, халуун сэтгэл, эх орноороо бахархах үзэл, бусдад туслах чанартай байх ёстой. “Шинэ Монгол” сургуулийн төгсөгчдийг харахаар яг л ийм хүүхдүүд байдаг. Манай сургуулийн зорилго ч ялгаагүй онц сурлагатай, лидерүүдийг бэлтгэхэд чиглэхээс илүүтэй эх оронч сэтгэлгээтэй, хүнлэг иргэнийг бэлдэхэд анхаарна гэж түрүүн хэлсэн шүү дээ. Түүхээ сайн мэддэг, эх хэлээрээ алдаагүй, зөв бичдэг. Ах нар нь дүү нартаа үлгэр жишээ болдог. Дэлхийн жишигт нийцсэн стандарт сургалттай байхыг л эрмэлзэж байна.
-“Шинэ Монгол”-ын талаар, Галаа багшийн талаар бага зэрэг гадарлана. Тийм ч амархан хамтрах шийдвэр гаргах хүн биш болов уу. Та хэрхэн зөвшөөрүүлж чадав гэдэг сонирхолтой байна?
-Энэ бүхэн мэдээж тийм амархан байгаагүй. Ялангуяа Галаа багшийг ятгах их хэцүү байсан. Гурван ч удаа санал тавиад зөвшөөрөөгүй. Үнэндээ бол бүх талаар зааж, зөвлөж байя гэсэн л дээ. Гэхдээ надад хангалтгүй санагдсан. Үйл ажиллагаагаа тогтвортой явуулахад мэргэжлийн хүний туслалцаа зайлшгүй хэрэгтэй. Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах, багш, ажилчдаа авахаас эхлээд менежмент хэрэгтэй болсон. Энэ хооронд Галаа багштайгаа утсаар яриад, уулзаад л явсан. Тэгээд дөрөв дэх удаагийн уулзалтан дээр багш маань зөвшөөрсөн. Би аавынхаа зурагны өмнө зогсч байгаад миний хүсэл бол Монгол Улсынхаа, аавынхаа ачийг хариулах юм гэдгийг маш сайн ойлгуулсны үр дүнд л Галаа багш маань зөвшөөрсөн болов уу.
-Монголынхоо төлөө юу хийх талаар их удаан бодсон гэж та яриандаа дурдлаа. УИХ-ын гишүүн болъё гэж бодоогүй юу. Улс төрд орж байж л улсынхаа төлөө ажиллаж чадна гэсэн бодолтой хүмүүс олширсон байна шүү дээ?
-Надад тийм бодол хэзээ ч төрж байсангүй. Хүн бүр улс төрд орвол юу болох вэ. Хэрэв зөвхөн УИХ-ын гишүүн болж байж эх орныхоо төлөө ажилладаг юм бол өдийд Монгол орон минь хөгжлийнхөө оргилд хүрсэн байх ёстой биз ээ. Гэтэл улс орны маань хөгжил ямар түвшинд байгааг та бид хоёр харж байна шүү дээ. Би олон жил сайн үйлсийн аян өрнүүлсэн. Түргэн тусламжийн машин бэлэглэхээс эхлээд хүүхэд, залуусын боловсрол, тэднийг соён гэгээрүүлэхэд чиглэсэн цөөнгүй ажил хийсэн. Ах маань хөгжлийн бэрхшээлтэй хүн байдаг юм. 29 дүгээр тусгай сургуулийн төгсөгч л дөө. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд тодорхой хэмжээгээр нийгмээс хязгаарлагдмал байдаг. Энэ зовлонг нь дэргэдээс нь харж мэдэрч өссөн. Тийм учраас хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийнхээ энэ зовлонг нь нимгэлчих юмсан, жаахан ч гэсэн тусалчих юмсан гэж үргэлж хичээж явдаг. Одоогоос 11 жилийн өмнө хөгжлийн бэрхшээлтэй иргэдиыг ажлын байраар хангах зорилгоор Монголдоо оёдлын үйлдвэр байгуулж байлаа. Энэ үйлдвэрт ажиллаж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгальд ээлтэй тор буюу даавуун тор оёдог юм. Түүнчлэн хүн бүр эрх тэгш орчинд суралцах ёстой. Жирийн хүүхдүүд ч ялгаагүй хөгжлийн бэрхшээлтэй найзуудтайгаа ойр, дотно байж тэдэнд тусалдаг, ялгаварлан гадуурхдаггүй байх нь хүн ёсны харилцаа шүү дээ. Түүний тулд сургуульдаа тусгай нэг анги нээх үү, эсвэл анги бүрт нэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцуулах уу гэж судалж, төлөвлөж байна. Ямартай ч манай сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд суралцах боломжтой гэдгийг хэлье.
-Таны энэ гэгээлэг үйлсэд тусалж байгаа хүмүүс олон бий байх?
-Тэгэлгүй яах вэ. Ганц мод гал болдоггүй, ганц хүн айл болдоггүй гэж монголчууд маань ярьдаг шүү дээ. Би Сүмод маш их баярлаж талархаж явдаг. Олон сайхан хүнтэй уулзаж, танилцсан минь эргээд өнөөдрийн миний хэрэгжүүлж буй төслийн ажилд их хувь нэмрээ оруулж байна. Тухайлбал, дэлхийд тэргүүлэгч агааржуулагчийн Daikin Toto компани бидэнтэй хамтарч ажиллаж дэмжиж байна. Дунд сургуулийн дэлхийн стандартад заасан хүүхдийн эрүүл мэндэд хор, нөлөөгүй агааржуулах системээр сургуулийг минь тоноглож өгч байна. Компанийнх нь ажилчдад хоёр удаа лекц унших болзолтойгоор хамгийн шилдэг технологийн системээ сургуульд маань суурилуулж өгч байгаа юм /инээв/.
-Баярлалаа танд, Монгол Улсынхаа төлөө, ирээдүй болсон хүүхэд залуусынхаа төлөө хийж буй бүхэнд тань талархал илэрхийлье.
-Баярлалаа, та бүхэнд ч гэсэн. Мөн намайг үргэлж дэмжиж байдаг гэр бүл, найз нөхөд, хамтран зүтгэгчид, Галаа багшдаа, мөн сургуулийнхаа багш, ажилтан албан хаагчид, энэхүү сургуулийг барьж босгож байгаа бүтээлч монголчууддаа гээд бүх хүнд талархаж явдгаа илэрхийлье. Магадгүй тав, арван жилийн дараа манай сургуулийн төгсөгчдийг хараад “Харүмафүжи Монголдоо хэрэгтэй зүйл хийжээ” гэж хэлбэл миний зорилго биелэх болно.
Эх сурвалж:medee.mn Н.БАЯР
СЭТГЭГДЭЛ БИЧИХ