Шилдэг есөн старт-ап бизнес эрхлэгчдийг шалгаруулжээ

Хөгжиж буй улс орнууд дахь шилдэг гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих зорилготой “Seedstars World” тэмцээнийг манай улсад 2 дахь жилдээ зохион байгуулж байгаа талаар өмнө мэдээлсний дагуу тус тэмцээний эхний шатны сонгон шалгаруулалт наймдугаар сарын 10-нд дуусч, 40 гаруй бизнес эрхлэгч онлайнаар бүртгүүлснээс шүүгчдийн баг сүүлийн шатанд гарааны 9 бизнесийг сонгоод байна. Энд:

  • Erxes Inc: Хиймэл оюун ухаан дээр суурилсан, хэрэглэгчидтэй харилцах борлуулалт, маркетингийн мессежийн нээлттэй платформ,
  • Gerege Pay: Түргэн хугацаанд төлбөр хийх онлайн гүйлгээ бүхий платформ,
  • iHotel: Аялал жуулчлал, зочид буудлын захиалгын технологийн шийдэл,
  • Mixsor: Гар утаснаасаа агаарын чанарыг хэмжих төхөөрөмж,
  • Nomadicsoft: Хиймэл оюун ухаан дээр суурилсан, илгээмжээ хямд үнээр, түргэн хүргэх боломжтой ухаалаг хүргэлтийн систем,
  • Ondoo: Хиймэл оюун ухаан дээр суурилан хүн бүрийн онцлогт тохируулан бие даасан, шинийг санаачлагч, логик сэтгэлгээтэй, багаар хамтран ажиллах ур чадварыг эзэмшүүлэх систем,
  • Onebelt Freezone: Тээвэрлэлт болон бусад холбогдох үйлчилгээг холбох ложистик платформ,
  • Pink Kiwi: Онлайн контентоор хандив, сар бүрийн хураамж, зар сурталчилгаанаас ашиг олоход тусалсан шууд нэвтрүүлгийн апп,
  • TODA: Олон улсын мөнгөн гуйвуулга, крипто валют хурдан, хямд солилцох боломж олгодог санхүүгийн платформ тус тус сонгогдон үлдээд байна.
Дээрх бизнесүүд байгуулагдаад 2 жилээс хэтрээгүй, бүтээгдэхүүн туршилтын хувилбар буюу MVP (Minimial Viable product)-ээ боловсруулсан, ашгийн төлөө шинэлэг бизнес санаа нь 3-4 жилийн зорилттой, дотооддоо төдийгүй гадаад зах зээлд гарч тэлж ажиллах боломжтой, зөвхөн шинэ санаа технологи гэлтгүй байгаль орчин ногоон бизнесийн чиглэлээр байж болно гэсэн шалгуурыг давсан юм. Эдгээрээс нэг бизнес нь шалгаран үлдэн эх орноо төлөөлөн Швейцарьт болох дэлхийн тэмцээнд оролцсноос нэг сая ам.долларын хөрөнгө оруулалт авах эрх бүхий боломж хүлээж байгаа юм. Шинэ үеийн залуу бизнес эрхлэгчдийг хөрөнгө оруулагчидтай холбож өгөн зуучлах, шилдэг бизнес эрхлэгчдийг туршлагаас сурах, зөвлөгөө авах, улмаар санхүүгийн дэмжлэг авах зорилготой “Seedstars World” тэмцээнийг дэлхийн 75 оронд зохион байгуулдагаас манай улсад өнгөрсөн жил анх удаагаа болж санхүүгийн апплакейшн бүтээсэн “Татаа тунгаа” компани шалгарч байв. Харин энэ удаагийн шилдэг нэг гарааны бизнесийг наймдугаар сарын 16-18-ны хооронд шалгаруулна. Энэ үеэр сонгосон 9 бизнес эрхлэгчийг 2 өдрийн эрчимжүүлсэн сургалтад хамруулан 3 дахь өдөр нь буюу наймдугаар сарын 18-ны 13.00 цагт Нийслэлийн инновацийн төв “Hub Innovation Center”-т шилдгийг тодруулах юм.
“Seedstars Ulaanbaatar-2018” тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр “Юнител” групп, мөн ивээн тэтгэгчээр Монголын санхүүгийн анхдагч финтек гарааны компани Лэнд МН”, мэдээлэл технологийн “Ай түүлс” компаниуд болон “Стар Ап Монгол” ТББ, Нийслэлийн Үйлдвэрлэл инновацийн газар, Hub төв, “Unread.today” сайт, Монголын гарааны бизнесийн эко системийн оролцогч талууд ажиллаж байна. Үзэгчдийг : https://seedsta.rs/ulaan18_attend хаягаар бүртгэж байна.

Тодруулга: Тэмцээнийг зохион байгуулагч олон улсын “Seedstars World” байгууллага нь Швейцарь улсад байрладаг, дэлхий дахинаа хөгжиж буй орнуудын гарааны бизнесийг дэмжих үүднээс олон улсын тэмцээний шагналыг санг бүрдүүлэх зорилгоор “Майкрософт”, “Амазон” зэрэг дэлхийн томоохон компаниудтай хамтран ажилладаг бөгөөд өнгөрсөн хугацаанд олон улсын старапын тэмцээнд оролцогчдод нийтдээ 61 сая ам.долларын хөрөнгө оруулалт босгож өгөн дэлхий даяар 800 гаруй бизнес эрхлэгч багийг ажлын байраар хангаад байна. “Seedstars Ulaanbaatar-2018” тэмцээнийг Монгол Улсад зохион байгуулах эрхийг Монголын гарааны бизнесийн тоглогчдын нэг “Стар Ап Маркетинг спейс” төв авч түншлэн ажиллаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ