Арван жилийн өмнөх энэ өдөр бид Олимпийн аваргатай болж байжээ
Хүн төрөлхтний эв нэгдлийн их баяр олимпийн наадамд Монгол хүн аваргалж, Монгол Улсын анхны олимпийн аварга төрж байсан өдөр бол өнөөдөр.
Тодруулбал, одоогоос яг 10 жилийн өмнө буюу “Бээжин-2008” зуны олимпийн XXIX наадмын жүдо бөхийн -100 кг-ын жинд Найдангийн Түвшинбаяр Казахстаны бөх А.Зиткийг ялж Олимпийн аваргын алтан медалийн тавцанд зогссон билээ.
Монгол Улсын алтан соёмбот далбаагаа Бээжингийн тэнгэрт мандуулж, эх орныхоо төрийн дууллыг эгшиглүүлсэн аваргаа бид баярлаж, бахархаж, уйлж, дуулж, эвлэлдэн нэгдэж угтсан юм.
Монголчуудад их ялалтыг авчирч, эв нэгдэл, бахархалыг нь сэргээсэн, Монгол Улсын түүхийн хуудаснаа алтан үсгээр бичигдэх үйлстэн, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяртаа баярын мэнд хүргэе.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ