“Хубилай хаан Марко Поло” гольфийн тэмцээн үргэлжилж байна
“Хубилай Хаан, Марко Поло” гольфийн тэмцээн өчигдөр Сонгинохайрхан дүүрэгт байрлах “Riverside golf” клубын талбайд нээлтээ хийлээ. Энэхүү тэмцээнийг Монгол Улсаас Бүгд найрамдах Итали улсад суух Элчин сайдын яам зохион байгуулж байгаа бөгөөд Итали Монголын гольфчид оролцож буй юм байна.
Тэмцээний талаар Монгол улсаас Итали улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ц.Жамбалдорж хэлэхдээ "XIII зуунд Монголын эзэнт гүрний их хаан Хубилайг хаанаар өргөмжлөгдөөд байхад Италийн буюу Европын хамгийн анхны аялагч Марко Поло Монголд ирж 20 гаруй жил зөвлөхөөр ажиллаж байсан. Тиймээс энэхүү Монгол Италийн түүхэн харилцаа, холбоог сэргээж дурсах зорилгоор тэмцээнээ ийнхүү нэрлэсэн. Энэ тэмцээнээс гадна бизнесийн хүмүүс ирсэн. Энэ утгаараа хоёр орны бизнес, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хувь нэмэр оруулах байх” гэжээ.
Дашрамд дуулгахад, өнгөрсөн онд Италийн нийслэл Ром хотын “Марко Симоне” гольфийн талбайд “Марко Поло Цом 2017” нэртэй Монгол, Италийн гольфчдийн нөхөрсөг тэмцээнийг Монгол Улсын Элчин сайдын яам санаачлан анх удаа амжилттай зохион байгуулсан. Энэ үеэр Монголын гольфийн улсын “анхны” аварга Б.Нэмэхбаатар, 2017 оны улсын “хэндикапын” аварга Б.Мөнхжаргал нарын долоон тамирчин, Ромын гольфийн “ДИГА” болон “Марко Симоне” гольфийн клубийн гишүүд болох 60 орчим гольфчид оролцож байжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ