Азийн наадамд оролцох монгол тамирчид японд бэлтгэл хийнэ

  "Жакарта-Палембан 2018" Азийн наадамд оролцох Монголын туялзуур сэлэмний баг Япон, Индонези улсуудыг зорилоо. Азийн наадмын өмнө манай тамирчид Японы Аомори мужийн Имабэцү хотод 10 хоногийн хамтарсан бэлтгэл хийх аж. Энэхүү бэлтгэлийг хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд Японы тал бүрэн хариуцаж байгаа юм.

 

Азийн наадам болон Япон дахь хамтарсан бэлтгэлд Монгол Улсаас ерөнхий дасгалжуулагч Д.Ганбаатараар ахлуулсан туялзуур сэлэмний баг тамирчид оролцох юм. Тус багийг үдэн гаргах ёслолд Монголын туялзуур сэлэмний холбооны Ерөнхийлөгч Г.Дашням, дэд ерөнхийлөгч Б.Баттулга, Удирдах зөвлөлийн гишүүн Б.Бадрахжаргал, О.Лхагва нар оролцов.

 

Холбооны Ерөнхийлөгч Г.Дашням баг тамирчдад хандан хэлэхдээ: "Эх орноо төлөөлж Азийн наадамд оролцох нийт тамирчдадаа сонгогдсонд баяр хүргэж, их амжилтыг хүсье. Монголын сэлэмний баг өмнөх амжилтаа улам их ахиулна гэдэгт итгэлтэй байна. Цаашдаа холбооны удирдлагын зүгээс 2020 он хүртэлх стратеги төлөвлөгөөгөө амжилттай хэрэгжүүлэхийн төлөө улам хичээн ажиллаж, тамирчдадаа илүү олон боломж гаргахын төлөө зүтгэнэ" гэлээ.

 

Монгол Улс туялзуур сэлэмний төрлөөр Азийн наадамд хоёр дахиа оролцож байгаа бөгөөд "Инчён 2014" наадамд Б.Гэрэлмаа шилдэг 16-д үлдэж Монголын сэлэмний түүхэнд шинэ хуудас бичиж байсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ