"ДАШТ-2022"-г зохион байгуулах эрхийг хэрхэн авсныг шалгахыг шаардлаа
Дараагийн буюу 2022 оны хөл бөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулах эрхийн төлөөх өрсөлдөөнийг Катар будилуулсан гэсэн мэдээлэл гарчээ.
Үүнтэй холбогдуулан Их Британийн Парламентын Доод танхимын Соёл урлаг, Хэвлэл мэдээлэл, Спортын хороон дарга Дамиан Коллинз мэдэгдэл хийж, уг асуудлыг шалгахыг Олон улсын хөл бөмбөгийн холбооноос шаардсан байна.
Олон улсын хөл бөмбөгийн холбооноос гаргасан дүрэм журмыг Катар зөрчсөн бол тус улсад хориг арга хэмжээ авах ёстой гэж тэрбээр мэдэгджээ.
Катар улс нь АНУ болон Австрали зэрэг хүчтэй өрсөлдөгчдийнхөө тухай худал суртал ухуулга түгээхийн тулд сурталчилгааны агентлаг болон тагнуулын төв газрын ажилтнуудыг ашигласан гэсэн мэдээлэл “Sunday Times” сонинд нийтлэгджээ. Катарын албаны хүмүүстэй тухайн үед буюу сонгон шалгаруулалтын үеэр хамтран ажиллаж байсан нэгэн энэхүү мэдээллийг уг сонинд өгсөн байна.
“Энэ хэргийг Олон улсын хөл бөмбөгийн холбоо бие даан шалгаж, асуудлыг цэгцлэх хэрэгтэй. Хэрвээ Катар хууль зөрчсөн нь тогтоогдвол тус улсад хориг арга хэмжээ авах ёстой” гэж Коллинз мэдэгдлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ