Митакэүми түрүүлэх болзлоо хангав

        Японы мэргэжлийн сүмо бөхийн долkkдугаар сарын тэмцээн буюу Нагоя башё өчигдөр өндөрлөлөө. Башёгийн дундаас их аварга Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд болон шинэхэн озэки /арслан/ Гүржийн бөх Точиношин нарын бөхчүүд бэртлийн улмаас өнжсөн. Өндөр цолтой бөхчүүд ээлжлэн башёг орхисон энэ үед макүүчигийн дээд хэсгийн бөхчүүдийн хэн ч түрүүлэх боломж гарч ирсэн билээ. Тэгвэл энэ боломжийг сэкивакэ Митакэүми ашиглаж чадлаа. Тэрбээр Точиозаныг давж 13 даваа, нэг унаатай болсноор өчигдрийн барилдаанд түрүүлэх болзлоо хангалаа.

Митакэүмиг озэки Такаясү 12 дахь өдрийн барилдаанд давсан ч тэрбээр үлдсэн өдрүүдийн барилдаанд даваагаа ахиулж чадсанаар анх удаа дээд зиндаанд түрүүлж байна.

Өндөр цолтой бөхчүүдийг эзгүйд түрүүлнэ хэмээн яригдаж байсан озэки Гоэйдо, Такаясү нар есөн даваатай болсноор тэргүүлэгчдийн дөрөвдүгээр эгнээнд бичигдэж байна.

Манай бөхчүүдээс Тамаваши Б.Мөнх-Оргил найман даваа авч 50 хувийн амжилтаа үзүүлсэн бол Ичиножёо А.Ичинноров долоон даваа, долоон унаатай башёг үргэлжлүүлж байна. Харин Араваши Э.Дөлгөөн, Чиёошома Г.Мөнхсайхан нар 14 өдрийн барилдаанаас дөрвөн даваа авчээ.

Нагоя башёгийн сүүлийн өдөр болох өнөөдөр түрүүлэх болзлоо хангасан сэкивакэ Митакэүми Ютакаяматай барилдах бол Ичиножёо А.Ичинноров Эндотой барилдахаар оноолт таарсан. Харин адил есөн даваатай яваа озэки Гоэйдо, Такаясү нар хамгийн сүүлд барилдсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ