Францын шигшээ баг Дэлхийн аваргийн эзэд боллоо
Хөлбөмбөгийн 21 дэх удаагийн буюу 2018 оны ДАШТ-ий аваргын алтан цомын төлөөх тоглолт Москва хотноо “Лужник” цэнгэлдэх хүрээлэнд Хорват, Францын шигшээ багийн халз тулаанаар эхэлж, Францчууд 4:2-оор хожиж Дэлхийн аваргын "Алтан дагина" цомын эзнээр хоёр дахь удаагаа тодорлоо.
ДАШТ-ий аваргын төлөөх тоглолтын эхний хагасын 19 дэх минутад Гризманны хийсэн торгуулийн цохилтыг Манджукич мөргөж өөрийн хаалганд авто гоол оруулснаар 1:0-ээр францчууд тэргүүлж эхэлсэн юм. Хорватчуудын шургуу довтолгооны үр дүнд тоглолтын 28 дахь минутад Иван Перишич торгуулийн цохилтоос Францын хаалганд тэнцээний гоолыг оруулж үзэгч олны сэтгэлийг гэгэлзүүлсэн төдийгүй фанатуудын цөсийг хөөргөж, тэмцээний уур амьсгалыг өөрчилж чадлаа.
Харин энэ тоглолтын 38 дахь минутад Перишичийн гар бөмбөгөнд хүрснээр Гризманн 11 метрээс торгуулийн цохилт хийж, амжилттай гоол оруулснаар 2:1-ээр францчууд тэргүүлж эхэлсэн. Ийнхүү эхний хагас /45+3минут/ Францын шигшээгийн давамгайллаар өндөрлөв. Харин бөмбөг эзэмшилтээр Хорватын шигшээ баг илүүрхсэн юм.
Франц Хорватын хоёрдугаар хагасын тоглолтын 59 дэх минутад Погба, Хорватын хаалганд гоол хийснээр Францчууд 3:1-ээр хожиж эхэлсэн бол 65 дахь минутад Люка Эрнандесийн дамжуулалтаар Мбаппе дахин гоол оруулснаар 4:1-ээр хорватчуудыг Францын шигшээ баг илэрхий давамгайлж эхэллээ.
Харин Хорватын шигшээгийн багийн уур амьсгалыг сэргээсэн гоолыг 69 дэх минутад Марио Манджукич Францын хаалгачийн алдааг ашиглан гоол хийж 4:2 болгож чадсан юм. Энэхүү түүхэн тоглолтын сүүлийн хагасын 21 /+5/ минутын турш хорватууд ширүүн довтолсон ч дахин гоол оруулж чадалгүй цаг өндөрлөснөөр Францын шигшээ баг 20 жилийн дараа 2 дахь удаагаа 2018 оны Дэлхийн аваргын “Алтан дагина” цомын эзэн боллоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ