А.Энхбаатар: Хүүхэд гэмтэж бэртсэн тохиолдол гараагүй

АХ-ын 97 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадмын  үеэр уралдаанч хүүхдийн аюлгүй байдалд хяналт тавьж ажилласан гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын хууль эрх зүй хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатараас тодруулга авлаа.  

-АХ-ын 97 жилийн ойн баяр наадам өндөрлөх тийшээ хандаж байна. Монгол таван насны морьдын уралдаанд морь унасан уралдаанч хүүхдүүдийн талаарх мэдээллээс өгөөч?

-Үндэсний их баяр наадамд нийтдээ 720 хүүхэд морь унаж уралдана гэсэн бүртгэл өгсөн. Энэ жилийн тухайд бид стандартын хувцас хэрэгсэл дээр илүүтэй анхаарал тавьж ажилласан. Өөрөөр хэлбэл стандартын бус хувцас хэрэгсэлтэй хүүхдүүдийг уралдааны замд гаргахаас түтгэлзсэн. Бас нэгэн давуу тал нь ММСЗУХ уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангахад хамтран ажиллаж, хамгаалалтын хувцасны түрээсийн үйлчилгээг үзүүллээ.

-Түрээсийн үнийн хувьд?

-Иж бүрэн өмсгөлийг нэг удаадаа  20.000 төгрөгөөр түрээслэж байна.

-Бороо хуртай, тоос шороогүй наадам болж байна.Тэгэхээр хүүхэд мориноос унах эрсдэл харьцангуй багасч байгаа болов уу?

-Тийм ээ, гайгүй байна. Хүүхэд мориноос унасан ч бэртсэн тохиолдол гараагүй. Хоёр хүүхэд онош тодруулах үүднээс дахин зураг авахуулах шаардлагатай гэсэн. Иймээс даатгалын компаниуд нь өөрсдөө дагаж очоод зургийг нь авахуулсан. Одоогоор биеийн байдал хэвийн байна.

-Уралдааны үеэр хүүхэдтэй холбоотой ямар нэг зөрчил гарч байна уу?

-Хүүхдийн карт чипийг авчирч уралдаанд оролцохыг оролдсон хоёр гурван удаагийн тохиолдол гарсан. Технологийн шинэчлэл ашиглаж байгаа учраас бусдын картыг ашиглах боломжгүй юм. Ер нь долоон нас хүрэхэд нэг хоног дутуу байсан ч программ бүртгэхгүй. Тиймээс насны хувьд үндэсний их баяр наадмынтухай хуульд заасан долоон нас гэсэн заалт мөрдөгдөж байгаа.

-Даатгалын 100.000 төгрөг хөдөө орон нутгийн уяачдад хүндрэл учруулж байна гэсэн санал нэлээд байна. Даатгалын хураамж өндөр биш үү?

-100.000 төгрөг төлөх чадваргүй малчин уяач бараг байхгүй дээ. Хүүхэд мориноос унаж бэртэх эрсдэл хэнд ч тулгарч болно. Тийм тохиолдолд онош тодруулах үүднээс хамгийн наад зах нь MRI хийлгэхэд 260,000 төгрөгний төлбөр төлнө. Дээр нь хөдөө орон нутгаас наашаа ирэх тээврийн зардал нэмэгдэнэ.

-Даатгуулын нөхөн олговор авахад хүндрэлтэй байдаг хэмээн уяачид ярьдаг. Үүнийг хялбарчлах боломжтой юу?

-Аливаа зүйлийг ном журам, хуулийнх нь дагуу л хийх ёстой. Өөрөөр хэлбэл даатгалын нөхөн олговрыг эмчилгээ үйлчилгээгээ авсаныхаа  дараа тэрхүү үйлчилгээндээ гарсан зардлын баримтаа бүрдүүлж өгөөд авах ёстой. Түүнээс биш даатгалыг бэлэн ATM шиг ойлгож болохгүй. Даатгалтай холбоотой гарсан нэг дэвшил бол өмнө нь тээвэрлэлтийн зардлыг шингээлгүйгээр 5.000.000 төгрөг хүртэлх нөхөн олговрыг олгодог байсан. Харин энэ удаад 10 хүртэлх сая төгрөг болтол өсгөсний зэрэгцээ шаардлагатай эмнэлгийн тусламж үзүүлэх газар нь авчрах тээвэрлэлтийн зардлыг оруулж өгсөн.

-Танай байгууллагаас даатгалын нөхөн олговор дээр хяналт тавьдаг юм уу?

-Даатгалын компани нь нөхөн олговроо олгохгүй байгаа тохиолдолд хүүхдийн эрх зөрчигдөж байна гэж үзэх үндэслэлтэй. Энэ талаарх өргөдөл гомдлыг 21 аймаг дахь салбар байгууллагуудаараа дамжуулан хүлээн авна. Мөн шаардлагатай бол тэрхүү компаниудтай хамтран ажиллах гэрээний хүрээнд үүргээ биелүүлэхийг шаардана. Биелүүлэхгүй бол дараагийн уралдаан тэмцээн дээр хамтран ажиллах гэрээг сунгахгүй. Энэ нь тухайн байгууллагын зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тохиолдолд би хамтран ажиллах гэрээнийхээ хүрээнд тавих албан ёсны шаардлага юм. Мөн энэ дашрамд уяачид, эцэг эхчүүддээ хандаж хэлэхэд уралдаанч хүүхэдтэй холбоотой бодит мэдээллээ хүүхдийн тусламжийн 108 дугаарын утсанд өгч байгаарай хэмээн хэлэх байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ