Серена, Кербер нар финалд үлдлээ

Мэргэжлийн талбайн теннисийн 2018 оны гурав дахь “Их дуулга” болох Уимблдон Английн Лондон хотод өндөрлөх дөхөж байна. Уг тэмцээн долдугаар сарын 2-д эхэлсэн бөгөөд ирэх ням гаригт /2018.07.15/ цомын эзэд бүрэн тодорно.

Уимблдоны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд дэлхийн шилдэг 128 теннисчин өрсөлдсөнөөс аваргын төлөө өрсөлдөхөөр АНУ-ын алдарт теннисчин Серена Уильямс, Германы Анжелика Кербер нар шалгаран үлдлээ.

Энэ жил 37 настай Серена өнгөрсөн жил анхны хүүхдээ төрүүлж багагүй хугацаанд талбайн гадна байсан бөгөөд өнгөрөгч зургадугаар сард Францын нээлттэй тэмцээнд оролцсон ч шөвгийн наймд тоглохоос татгалзсан юм.

Серена “Их дуулга” тэмцээний 23 цомыг хүртсэнээс долоо нь Уимблдоных юм. Тэрбээр Уимблдонд хамгийн сүүлд 2015, 2016 онд дараалан түрүүлжээ.

2016 онд Австрали болон Америкийн нээлттэй тэмцээнд түрүүлж, тухайн жилдээ дэлхийн чансааг тэргүүлж байсан Германы А.Кербер хоёр дахь удаагаа Уимблдоны финалд шалгарлаа. Тэрбээр хоёр жилийн өмнө Серенатай аваргын төлөө өрсөлдөн ялагдаж байсан юм.

Домогт теннисчин Ш.Графаас хойш Германаас гарч ирсэн шилдэг теннисчин бол А.Кербер юм. 30 настай Герман бүсгүй өнгөрсөн улиралд чансааны 20-иос доош орж уналтанд ороод байсан бол энэ он гарсаар хуучин формдоо бага багаар орж байна. Ямартаа ч энэ удаа Уимблдоны финалд үлдлээ.

Серена, Кербер нарын тоглолт маргааш /2018.07.14/ болно.

Өнөө шөнө Уимблдоны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн хагас шигшээ тоглолтууд болж, аваргын төлөө өрсөлдөх теннисчид тодорно.

Уимблдон нь дөрвөн “Их Дуулга” тэмцээнүүдийн дундаас хамгийн эртнийх нь бөгөөд анх 1877 онд зохиогдож байжээ. Уимблдон нь дэлхийн I болон II дайны үед түр завсарласныг эс тооцвол 141 дэх жилтэйгээ золгож байна.

“Их Дуулга” тэмцээнүүд дундаас ялгагдах онцлог нь зүлгэн гадаргуутай талбайд болдогт оршиж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ