Наадамд хүчээ үзэх 200 гаруй бөхчүүд бүртгүүлжээ
Тулгар төр байгуулагдсаны 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчин бөхийн барилдаанд барилдах бөхчүүдийн бүртгэл өчигдөр Спортын төв ордонд эхэлсэн. Наадамд барилдах бөхчүүдийг өөрийн биеэр ирж, зургаа шинээр авахуулан, бүртгэлийг баталгаажуулж байлаа. Одоогийн байдлаар нийт 200 гаруй бөхчүүд ирж бүртгэлүүлсэн байна. Бүртгэл өнөөдөр өндөрлөнө.
Улсын арслан Э.Оюунболд бөхчүүдийг манлайлан, хамгийн эхэнд бүртгүүлжээ. Харин түүний дараагаар улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын арслан Д.Ганхуяг, Б.Ганбат, Ц.Содномдорж, улсын заан Б.Батмөнх нарын 200 гаруй бөхчүүд бүртгүүлсэн байна.
Үндэсний бөхийн холбооны маргаан болон допингтой холбоотой бөхчүүдийн дунд маргаан үүссэн хэвээр байгаа. Тэгвэл Үндэсний бөхийн холбооны дүрмийн дагуу допинг хэрэглэсэн бөхчүүдийг улсын наадамд барилдахгүй шийдвэрийг Баяр наадмын комиссоос гаргасан.
Боловсрол, шинжлэх ухаан спортын яам, Биеийн тамир, спортын газар, Монголын допингийн эсрэг үндэсний төвтэй хамтран “Допингийн эсрэг үндэсний хяналт” төслийн хүрээнд бөхчүүдээс тэмцээний үеийн болон гэнэтийн шинжилгээг авч байгаа билээ. Одоогоор 2017 онд авсан шинжилгээгээр таван бөх хориотой бодис хэрэглэсэн нь тогтоогдсон бол он гараад мөн хоёр бөх нэмэгдээд байгаа. Эдгээр бөхүүдийн нэрийг олон нийтэд зарласан бөгөөд бөхийн холбооны дүрмийн дагуу улсын их баяр наадамд барилдуулахгүй юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ