Хүй долоон худагт авто спортын тойруулга барина
“Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын дарга Н.Батсүмбэрэл “Монголын авто спорт холбоодын нэгдэл” ТББ-ын гүйцэтгэх захирал Л.Батсайхан нар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Тус санамж бичгийн хүрээнд “Монголын авто спорт холбоодын нэгдэл” ТББайгуулага нь Хүй долоон худагт төр засгийн дэмжлэг тусламжтайгаар авто спорт тойруулга барих, сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа авто спортыг эх орондоо хөгжүүлэх явдлыг тусгаж өгсөн юм. Үүгээрээ мөн хүй долоон худгийн ойр орчмын үйл ажиллагааг сайжруулах юм.
Хүй долоон худаг нь ирээдүйд томоохон бүтээн байгуулалт хийгдэхээр төлөвлөгдөж байгаа дэд бүтэц сайтай, зам талбай, зогсоол ихтэй, засмал замаар хүрээлэгдсэн авто спорт тойруулга байгуулахад хамгийн боломжит газар юм.
Тус авто спорт тойруулгад бартаат зам, кросс, уран жолоодлого буюу дрифт, удирдлагатай машин, мото спортын замууд баригдах бөгөөд мөн түүнийгээ дагасан үзэгчдийн суудал, зам талбай, үйлчилгээний төв зэргийг тусгаж өгсөн байна.
Авто спорт нь манай улсад сүүлийн 5-6 жилийн дотор эрчимтэй хөгжиж байгаа хэдий ч одоог хүртэл зориулалтын зам талбайгүйн улмаас зохиогдох тэмцээн уралдааны хувьд ч тоотой хэд зохин байгуулагддаг. Тиймээс тус тойруулга баригдсанаар автоспорт сонирхогч залуус зориулалтын зам талбайтай болж бэлтгэл сургуулилтаа тогтмол хийн олон улсын тэмцээн уралдаанд амжилт гаргах боломжтой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ