Английн шигшээ баг Колумбчуудыг торгуулийн цохилтоор буулгаж авав
Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн 16-гийн шатны сүүлчийн тоглолт Англи, Колумбын шигшээ багуудын хооронд болж торгуулийн цохилтоор ялагчаа тодрууллаа.
Тоглолтын нэгдүгээр үед багууд тэнцүүхэн тоглож, харилцан гоол хийлгүй өнгөрсөн юм. Харин хоёрдугаар үеийн 57 дахь минутад Оспинагийн 16 метрийн шугамны дотор талд гаргасан алдааг шүүгч торгуулийн цохилтоор шийтгэж, Английн довтлогч Харри Кэйн эхний гоолыг оруулжээ.
Улмаар тоглолт 1:0 харьцаатай Английн тэргүүллээр дуусах боломжтой болоод байв. Гэтэл тоглолтын 93 дахь минутад буюу шүүгчийн шүгэл дуугарахын өмнөхөн Колумбын баг булангийн цохилт гүйцэтгэж, Ерри Мина бөмбөгийг мөргөн Английн хаалганд хийсэн байна.
Ийнхүү эцсийн мөчид тоглолтын харьцаа тэнцсэнээр нэмэлт 30 минутын тоглолт руу шилжсэн ч гоол ороогүй тул торгуулийн цохилтоор хувь заяагаа шийдэхээр болсон юм.
Английн багийн гурав дахь цохилтыг Жордан Хендерсон алдсан ч азаар түүний дараа Колумбын Матеус Урибе мөн цохилтоо алдсан байна. Гэвч Колумбын багийн цохисон дөрөв дэхь бөмбөгийг Английн хаалгач хааж, дараа нь Эрик Дайер Колумбын хаалганд гоол хийснээр “Гурван Арслан”-гууд 4:3 харьцаагаар хожиж шөвгийн 8-ын шатанд шалгарчээ.
Энэ удаагийн тоглолтын онцлох үр дүнгүүд:
- Англичууд том тэмцээнд хоёр дахь удаагаа л торгуулийн цохилтоор хожсон тохиолдол энэ байв. Тэд Евро 96-д Испанийн шигшээ багийг эхний удаа торгуулийн цохилтоор хожиж байжээ.
- Английн шигшээ баг 2006 оноос хойш анх удаагаа ДАШТ-ий шөвгийн 8-ын шатанд шалгарч үлдлээ.
- Колумбын шигшээ баг ДАШТ-ий хасагдах шатанд нийт дөрвөн удаа тоглохдоо гуравт нь хожигдлоо. Тэд 1990 онд шөвгийн 16-д, 2014 онд шөвгийн 8-д тус тус өрсөлдөгчдөө хожигдон тэмцээнээс хасагдаж байжээ.
Англичууд ирэх Бямба гарагийн 22:00 цагт Шведийн шигшээ багтай шөвгийн 8-ын шатны тоглолтыг Самара Аренад хийхээр боллоо. Шведийн шигшээ багШвейцарийн шигшээг үндсэн цагт 1:0 харьцаагаар хожиж, шөвгийн 8-ын шатанд шалгарсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ