Орсон бороо арилж, Оросууд гийчдээ буцаав

2018 оны Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн 16-ийн шатны хоёр дахь өдөр “А” хэсгийн хоёрдугаар байраар шалгарсан ОХУ, “В” хэсгийг тэргүүлсэн 2010 оны дэлхийн аварга Испанийн шигшээ багуудын тоглолт өчигдөр Москва хотын “Лужник” цэнгэлдэх хүрээлэнд боллоо.

Тоглолтын үндсэн 90 минут 1:1-ээр тэнцээгээр өндөрлөж, нэмэлт 30 минутыг сунгасан ч гоол орсонгүй. Ингээд торгуулийн цохилтоор Оросууд 4:3-аар өрсөлдөгчөө хожлоо. Ийнхүү орсон бороо арилж, ирсэн гийчин буцдаг гэдэг шиг Испанийн шигшээ баг тэмцээнээ өндөрлүүлж, нутгийн зүг жолоогоо залав.

Энэхүү тоглолтын гол баатар нь Оросын шигшээ багийн хаалгач Акинфеев байв. Тэрбээр торгуулийн цохилтод гайхалтай байж, Коке, Аспасын цохилтыг хааж чадсанаар тав дахь цохилтыг хүлээлгүй багаа ялалтад хүргэсэн юм. Ингээд ялагч торгуулийн цохилтоор шийдэгдэж, талбайн эзэд ялалт байгуулснаар шөвгийн наймд үлдлээ.

Харин Испанийн Серхио Рамос чөлөөт цохилт гүйцэтгэх үед Сергей Игнашевич өөрийн хаалганд авто гоол хийсэн нь оросуудад хүнд цохилт болсон юм. Тоглолтын 12 дахь минутаас эхлэн испаничууд 1:0-оор тэргүүлж эхлэв. Гэхдээ энэ байдал удаан үргэлжлээгүй. Эхний үе дуусахаас өмнө талбайн эзэд тоог 1:1 болгон тэнцүүллээ. Испанийн Пике шар хуудас авч Артём Дзюба торгуулийн цохилтыг амжилттай болгож чадсан юм.

Уг тоглолтуудын онцлох үр дүнгүүд:

  • Оросын шигшээ баг ЗХУ задарсан буюу 1986 оноос хойш анх удаагаа ДАШТ-ий шөвгийн 8-д шалгарч үлдлээ.
  • Испаничууд ДАШТ-д дөрвөн удаа торгуулийн цохилтоор хувь заяагаа шийдсэний 3-т нь хожигдож байна. 1986 онд Бельгид, 2002 онд Өмнөд Солонгост хожигдож байжээ.
  • 1990 оны ДАШТ-ээс хойшх тэмцээнүүдэд зохион байгуулагч орнууд таван удаа торгуулийн цохилт хийхдээ бүгдэд нь хожиж байжээ. Харин 1990 онд Италичууд шөвгийн 8-д Аргентинд хожигдож байв.

Шөвгийн 8-ын шатанд Орос, Хорватын шигшээ багууд долоодугаар сарын 7-нд Сочи хотод өрсөлдөх юм.

Ямартай ч дэлхийг хоккейгоор хожиж, уран гулгалтаар уйлуулж уярааж чаддаг Орос ах нар одоо хөлбөмбөгөөр тэргүүлж, шинэ хуудас нээлээ. Одоо хэрхэхийг харах л үлдлээ дээ.

Г.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ