Японы шигшээ баг хэсгээсээ хоёрдугаар байрт шалгарав

Хөлбөмбөгийн ДАШТ-ээс эхлэн шинээр нэвтрүүлж байгаа “шударга өрсөлдөөн” (fair play)-өөр оноо тэнцсэн багуудыг хэсэг дотор эрэмбэлэх арга өчигдөр анх удаа хэрэгжлээ.

H хэсгийн сүүлчийн тойргийн тоглолт Япон, Польшийн багуудын хооронд болж Польшууд 1:0 харьцаагаар хожсон ч хэсгийн нөгөө тоглолтын хувь заяанаас хамааран Япончууд хэсгээсээ хоёрдугаар байрт шалгарсан юм.

Оноо тэнцсэн Япон, Сенегалын багууд өчигдөр нэг цагт, нэг ижил харьцаагаар ялагдсан ч Хөх самурайнууд Африк өрсөлдөгчөөсөө цөөн шар картаар торгуулсан үзүүлэлтээр хэсгийн хоёрдугаар байр руу дэвшсэн байна.

Хэсгийнхээ нөгөө тоглолтод Сенегалын баг Колумбид хожигдож байгааг мэдсэн Япончууд хэдийгээр оноо дутуу явсан ч тоглолтыг зориудаар удааж, цаг нөгцөөх аргад шилжсэн юм.

Японы дасгалжуулагч Акира Нишино тоглолтын дараа “Нөгөө тэмцээний үр дүнд найдах нь миний шийдвэр байлаа. Надад тийм сайхан байгаагүй ч би тоглогчдодоо ингэхийг даалгасан” гэж ярьжээ.

Волгоградын стадионд цугласан үзэгчид энэ байдалд таагүй хандаж, тоглолтын сүүлчийн хэсэгт дургүйцлээ илэрхийлцгээж байв. Харин хоёр хожигдлын дараа анхны хожлоо авсан Польшийн багийнхан сэтгэл хангалуун байсан юм.

H хэсгийн сүүлчийн тойргийн тоглолтын дараа Япон, Сенегалын багууд адилхан 4, 4 оноотой, ижил тооны гоолтой, ижил тооны гоолын зөрүүтэй болоод байв. Тэд хоорондоо тоглохдоо ч 2:2 харьцаагаар тэнцсэн юм. Харин Япончууд 4 шар карттай хэсгийн тоглолтоо дуусгасан бол Сенегалчууд 6 шар карттай байлаа.

Энэ зөрүүгээр хэсгийн хоёрдугаар байрт шалгарагчийг шийджээ.

Одоо шөвгийн 16-гийн шатанд Японы баг Бельгитэй ирэх Даваа гарагт тоглоно. Хэсгээсээ нэгдүгээр байрт шалгарсан Колумбичууд Мягмар гарагт Английн багтай өрсөлдөх юм.

Өнгөрсөн шөнө мөн G хэсгийн сүүлийн тоглолтууд болж, Англи, Бельгийн багууд хэсгээсээ хэддүгээр байрт шалгарахаа шийджээ.

Тэд бас тэнцвэл “шударга өрсөлдөөн”-өөр эрэмбэлэгдэх байв. Тоглолтын өмнө уг хэсгээс хоёрдугаар байраар гарсан баг хасагдах шатанд харьцангуй сул багуудтай нэг хэсэгт хуваарилагдах тухай яриа гарч, дээрх тоглолтыг хожигдлын төлөө тоглолт болно гэж зарим мэргэжилтнүүд таамаглаж байсан.

Харин Бельгичүүд нэг гоол хийснээр хасагдах шатны хамгийн хэцүү өрсөлдөгчидтэй нэг хэсэгт багтлаа. Хоёрдугаар байраар шалгарсан Англичуудад цааш тоглох зам нь арай хялбар байж магадгүй болжээ.

Бельгийн шигшээ шөвгийн 16-д Японы багийг буулгаж авбал цаашдаа Уругвай, Португаль, Франц, Бразил, Аргентин, Мексикийн багуудын заримтай нь таарахаар болж байна.Харин Англичууд Колумбыг хожвол цааш өрсөлдөх замд нь Испани, Орос, Хорват, Дани, Швед, Швейцарийн багууд хүлээж байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ