Төсөөлөөгүй тоглолт буюу Германы шигшээ баг ДАШТ-ийг орхив

Хөлбөмбөгийн ДАШТ-ий F хэсгийн сүүлчийн тойргийн тоглолт өчигдөр Казаньд болж, Германы шигшээ багийн хожигдлоор дууслаа.

Тоглолтын сүүлийн хэсэгт Өмнөд Солонгосын тоглогчид дараалан хоёр гоол хийж, дэлхийн аваргаа хамгаалж байгаа Германчуудыг нутаг буцаасан юм.

Тоглолтын 92 дахь минутад булангийн цохилтын бөмбөгийг хамгаалагч Ким Юн Гвон Германы хаалганд хийлээ.

Эхлээд шүүгч уг гоолыг отон тоглолт гэж үзсэн ч дараа нь VAR видео системийг ашиглан шалгаад бөмбөг Германы хамгаалагчийн хөлнөөс дамжсан болохыг тогтоож, гоолыг тооцсон юм.

Үүний дараа Германчууд довтолгоонд бүх хүчээ төвлөрүүлж, хаалгач Мануэл Нойер хүртэл урагшаа орсон байна. Энэ цоорхойг ашиглан 96 дахь минутад Жү Се Жон алсын дамжуулалт өгснийг Сон Хюн Мин Германы эзгүй хаалганд хийж чадсан юм. Хоёрдугаар үеийн туршид Германчууд олон гоё довтолгоонуудыг Өмнөд Солонгосын хаалганд хийсэн боловч ганц нь ч гоол болж чадаагүй. Үүнд Өмнөд Солонгосын хаалгачийн гавьяаг дурдахгүй байхын аргагүй юм.

Ингэснээр Германчууд F хэсгийн хамгийн сүүлд жагсаж, тэмцээнээ өндөрлүүллээ. Харин Солонгосчууд нэр төрийн нэг хожилтой эх орондоо буцаж байна.

Тоглолтын онцлох үр дүнгүүд:

  • Германы баг сүүлийн таван ДАШТ-д хэсгийн шатнаас хасагдсан дөрөв дэхь дэлхийн аваргаа хамгаалагч боллоо. Дэлхийн аварга болсныхоо дараа 2002 онд Франц, 2010 онц Итали, 2014 онд Испаний багууд хэсгийн шатнаас хасагдаж байв.
  • Германы шигшээ баг 1938 оноос хойш анх удаа ДАШТ-ий нэгдүгээр шатны тоглолтоос хасагдаж байна. Нөгөө талаар ДАШТ-ий нэгдүгээр шатыг хэсгийн тоглолтын хэлбэрт шилжүүлснээс хойш тэдний анх удаа хасагдсан тохиолдол юм.
  • Өмнөд Солонгосын шигшээ анхны таван ДАШТ-дээ (1954, 1986, 1990, 1994, 1998 онуудад) дараалан хэсгийн шатнаас шалгарч чадаагүй бол тэр үеэс хойш анх удаагаа дараалан хоёр ДАШТ-д хэсгээсээ шалгарч чадсангүй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ