Аргентины шигшээ баг шөвгийн 16-д өрсөлдөх эрхтэй болов

Хөлбөмбөгийн ДАШТ-ий D хэсэгт Исландын багтай тэнцэж, Хорватын багт хожигдсон Аргентинчуудын хувь заяа дээсэн дөрөөн дээр байсан юм.

Гэвч тэд өчигдөр Санкт Петрбургт хэсгийн сүүлчийн тоглолтдоо Нигерийн багийг 2:1 харьцаатай буулгаж авснаар D хэсгийн хоёрдугаар байрт шалгарч, шөвгийн 16-гийн шатанд өрсөлдөх эрхтэй боллоо.

Тоглолтын 14 дэхь минутад талбайн төв шугамнаас Эвер Банегагийн өгсөн гайхалтай гоё алсын дамжуулалтыг багийн ахлагч Лионел Месси гоол болгосноор Аргентинчууд 1:0 харьцаатай тэргүүлж эхэлсэн юм.

Гэвч хоёрдугаар үеийн 49 дэхь минутад Аргентины төвийн хамгаалагч Хавьер Маскерано алдаа гарган шар карт авч, Нигерийн Виктор Мосес торгуулийн цохилтыг гоол болгож, 1:1 харьцаатай тэнцсэн байна.

Ийнхүү өмнөх ДАШТ-ий мөнгөн медальт Аргентинчууд тоглолтоо тэнцээгээр өндөрлүүлж, хэсгийн шатнаас шалгарах боломжгүй болохын даваан дээр 86 дахь минутад хоёр дахь гоолоо хийж чадсан юм.

Энэ удаа Габриел Меркадогийн баруун жигүүрээс төвд дамжуулсан бөмбөгийг Маркос Рохо Нигерийн хаалганд цохиж гоол хийжээ.

Маркос Рохо ДАШТ-д нийт 3 гоол хийсний 2 нь Нигерийн хаалганд (2014 онд нэг, энэ удаа нэг) орж байгаа нь энэ ажээ.

Тоглолтын онцлох үр дүнгүүд:

  • Аргентины шигшээ баг дөрвөн ДАШТ (2006, 2010, 2014, 2018) дараалан шөвгийн 16-д шалгарлаа.
  • Нигерийн шигшээ баг сүүлийн дөрвөн ДАШТ-ийхээ гуравт (2002, 2010, 2018) нь хэсгийн шатнаас шалгарч чадсангүй.

Өчигдрийн тоглолтыг үзсэн Аргентины домогт хөлбөмбөгчин Диего Марадона хэт хөөрч баярласнаас цусны даралт нь нэмэгдэж, эмчийн тусламж авахад хүрсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ