Польшийн шигшээ ДАШТ-ийг орхилоо

Хөлбөмбөгийн ДАШТ-ий H хэсэгт эрэмбээрээ нэгд бичигдэж байсан Польшийн шигшээ баг өнгөрсөн шөнө Колумбын багт 3:0 харьцаагаар бут ниргүүлж, нутаг буцах Европын анхны баг боллоо. Польшууд одоо хэсэгтээ 0 оноотой хамгийн сүүлд жагсан байна.

Байерн Мюнхений довтлогч Роберт Левандовскийн тэргүүлсэн Польшийн шигшээ FIFA-гийн эрэмбээр дэлхийн 200 орчим улсаас наймд жагсаж байгаа юм.

Тэд эхний тойрогтоо Сенегалын багт 2:1 харьцаагаар хожигдсон. Тиймээс Колумбын багийг заавал хожих ёстой байсан юм. Польшууд 32 жилийн өмнө хамгийн сүүлд хэсгээсээ шалгарч байжээ.

Өчигдрийн тоглолтын нэгдүгээр үеийн 40 дэх минутад Ерри Мина, хоёрдугаар үеийн 70, 75 дахь минутад Радамел Фалькао, Хуан Куадрадо нар тус тус гоол хийж Колумбын баг хэсгээс шалгарах боломжоо авч үлдлээ.

Ингэснээр Колумбичууд ДАШТ-д Европын багуудтай таарсан сүүлийн таван тоглолтынхоо гуравт ялж байна.

Мөн Колумбын багийн од Хамез Родригес 2014, 2018 онуудын ДАШТ-д нийтдээ 6 гоол, 4 гоолын дамжуулалт гүйцэтгэсэн үзүүлэлтээрээ бүх хөлбөмбөгчдийг тэргүүлсэн хэвээр байгаа юм.Тэр энэ тоглолтын 2 гоолын дамжуулалтыг өгсөн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ